Үе үеийн удирдлагуудын товч намтар
Ж.Цэнджав
ЦАГ УУРЫН АХМАД ТЕХНИКЧ Ж.Цэнджав
1946 онд Булган аймгийн Бугат суманд төрсөн
1972 оны 10 дугаар сарын 15-нд Нэгдсэн Үндэсний байгууллагын /НҮБ/ тусгай төхөөрөмжөөр орчин үеийн багаж хэрэгслэлээр тоноглон байгуулж даргаар нь Ц.Дугарыг томилон ажиллуулж, анхны цаг уурын техникчээр Ж.Цэнджав, Б.Эрдэнэчимэг, С.Болд нар ажиллаж эхэлжээ.
Ж.Цэнджав нь 1974 оноос 1976 он хүртэл Эрдэнэт-Овоо станцын даргаар ажиллаж байх хугацаанд нь 1975 оны 1 дүгээр сарын 1-ний шөнийн 02 цагаас иж бүрэн уур амьсгалын 8 хугацааны ажиглалтын шинэ системд шилжсэн байна. Судалгааны ажлын хөтөлбөр аажмаар нэмэгдэхийн хэрээр 1978 оны 09 сарын 1-нд Улаантолгой САА-д ХААЦУ-н харуулыг, Хялганат хороонд Сэлэнгэ мөрний усны харуулыг инженер Сүрэнжав, техникч Ж.Цэнджав, Б.Чимэдцэеэ нар хамтарч байгуулан ажиллуулж эхэлсэн.
Ж.Цэнджав нь 1962 оноос эхлэн цаг уурын албанд 42 жил үр бүтээлтэй ажилласан. Энэхүү олон жилийн хугацаанд ажиллахдаа даргаас нь эхлээд галч, цэвэрлэгч, цаг уурын техникч, усны техникч, ХААЦУ-ын техникч гээд бүхий л ажлыг хийж зааварлаж зөвлөж ирсэн туршлагатай ахмад ажилтан сайн яруу найрагч, сайн халамжлан хүмүүжүүлэгчийн нэг байсныг хамт ажиллаж байсан бид санан дурсаж энэхүү дурсахуйгаа номын хуудаснаа үлдээлээ.
1977 онд Эрдэнэт хотын утга зохиолын дугуйлан байгуулагдан анхны 7 гишүүний нэгээр сонгогдож байсан. Ж.Цэнджав нь өгүүллэг, шүлэг, 4 мөрт гээд нилээд олныг бичиж сонин сэтгүүлд хэвлүүлдэг байлаа.Жишээ нь: Эрдэнэт хотын 30 жилийн ойд зориулан гаргасан “Тод анир” номонд орсон шүлгээс нь уншигч олондоо тольлуулж байна.
ҮЛГЭРИЙН САЙХАН ЭРДЭНЭТ
Өртөө зайнаас харанхуй шөнөдөө
Тэнгэрийн хаяа үүр шиг цайрсан
Өнгө бадмаараг сайхан хотдоо
Тэмүүлэх сэтгэл эгнэгт яарсан
Нугын цэцэг шиг өнгө жавхаатай
Нуур шиг амгалан миний Эрдэнэт
Тэртээ сэлэнгээс зэст ууландаа
Мөрний ус хоолойгоор яарсан
Тэнгэр мөрөлсөн сүрлэг баганаараа
Мөнхий гэрэл хөтлөн залсан
Үйлс ариун хөдөлмөрийн ундраатай
Үлгэрийн өртгөө миний Эрдэнэт
Бусдын газраас өвгөд минь нууцлахдаа
Тэнгэрийн лусд даатган захисан
Бумбанд нуусан аранжин Эрдэнэт
Тэнхээт зуунд амсараа нээсэн
Үйлс ариун хөдөлмөрийн ундраатай
Үлгэрийн өртгөө миний Эрдэнэт
1976 он
ЭРДЭНЭТИЙН ӨГЛӨӨ
Нойрмог шөнийн харанхуйг туяа гэрэлээрээ сүлж
Ноёлог уулын тэргүүнийг алтан өнгөөр шижиртүүлэн
Эх орны минь дорноос өндийн дээшлэх
Эрдэнийн алтан нарнаар Эрдэнэтийн өглөө эхэлдэг
Уулын цагаан хотын маань болор шилэн цонхууд
Ургах улаан нарны гэрлийг ойлгон солонгоруулж
Аз заяа дүүрэн айл гэрийн жаргалыг
Амгалан дэлхийд зарлан Эрдэнэтийн өглөө эхэлдэг юм
Халуун найрамдлын элчээр тосгон болгон нь өргөжсөн
Хамтын аварга үйлдвэрт зэсийн эрдэнэ тунгааж
Идэр жавхаа бадарсан залуу ажилчны царайгаараа
Их хоты минь шинэ өглөө эхэлдэг юм
Бадмаараг гэрлийн элчийг шугам бүхэндээ лугшуулсан
Бат цагаан цамхагууд аврага хүчтэн шиг дэлж
Мандан бадрах хөгжлийг зориж яваа улсын маань
Маргаашийн өнгө жавхаагаар эх орны минь өглөө эхэлдэг юм.
1976 он