Фото мэдээлэл
Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд 50.000 модыг иргэдэд үнэ төлбөргүй олгоно
Аймгийн хамтын ажиллагаа, гадаад дотоод төсөл, хөтөлбөрийн удирдагч,Эрдэнэт хотын 50 жилийн ойн бэлтгэл хангах ажлын хэсгийн дарга Б.Оюун-Эрдэнэ:
"50 жилийнхээ ойгоор хотоо хамтдаа ногоон болгоё"
“Эрин зууны бахархал Эрдэнэт” хотын 50 жилийн ойг угтан ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эко ногоон хот болох үндсэн зорилтын хүрээнд 50,000 ширхэг модыг иргэдэд үнэ төлбөргүй олгох ажил үе шаттайгаар хэрэгжиж байгаа билээ.
Энэхүү ажлыг 2025 оноос эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн онд орон нутгийн зүгээс Сум дундын ойн ангитай хамтран 500 өрхөд нийт 25,000 ширхэг мод олгосон. Үүнд нэг өрхөд 40 ширхэг модыг үнэ төлбөргүй өгсөн юм.
Тус ажлын үргэлжлэл болгон үлдсэн 25,000 ширхэг модыг иргэдэд олгох ажил энэ сарын 15-ны өдрөөс эхэлнэ.
Үүнтэй холбоотойгоор аймгийн хамтын ажиллагаа, гадаад дотоод төсөл, хөтөлбөрийн удирдагч, Эрдэнэт хотын 50 жилийн ойн бэлтгэл хангах ажлын хэсгийн дарга Б.Оюун-Эрдэнэ өнөөдөр Сум дундын ойн ангийн мод үржүүлгийн газарт ажиллаж, иргэдэд 50,000 ширхэг мод олгох бэлтгэл ажлын явцтай танилцлаа.
Тэрээр 50.000 модны тарьц суулгац, чанар, хадгалалтын талаар холбогдох албаныхнаас мэдээлэл авч, иргэдэд олгох мод түгээлтийн зохион байгуулалтад анхаарч ажиллахыг чиглэл болголоо.
Хашаандаа мод тарьж, ногоон орчныг бүрдүүлэх хүсэлтэй иргэд Баян-Өндөр сум болон Сум дундын ойн ангид хүсэлт гарган мод авах боломжтой.
Нэг өрхөд 30 ширхэг шар хуайс, 3 ширхэг агч, 4 ширхэг гүйлс, 3 ширхэг монос зэрэг нийт 40 ширхэг мод олгох бөгөөд ингэснээр айл өрхийн хашаа бүхэлдээ ногоон орчин бүрдүүлэх боломжтой юм.
Мөн орон нутгаас Сум дундын ойн ангитай хамтран 50 жилийн ойн хүрээнд хотын төвийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор 250 ширхэг хөдөлгөөнт хайрцагтай модыг байршуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бэлтгэл хангах ажлын хэсгийн дарга Б.Оюун-Эрдэнэ: Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлж, эко ногоон хот болоход иргэн бүрийн оролцоо, санаачлага чухал болохыг онцлоод 50 жилийнхээ ойгоор хотоо хамтдаа ногоон болгохыг уриаллаа.