Мэдээ мэдээлэл
ДЭЛХИЙН ЦАГ УУРЫН БАЙГУУЛЛАГЫН АЖИГЛАЛТЫН ТОГТОЛЦОО ЯМАР БАЙДАГ ВЭ?
Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-ын Дэлхийн цаг агаарын хяналтын хөтөлбөр (World Weather Watch, WWW) нь 1963 онд байгуулагдсан. Энэ нь нөгөө “WWW” буюу World Wide Web шиг төдийлөн олонд танигдаагүй ч ач холбогдлын хувьд дутахааргүй том юм.
Өдөр бүр дэлхий даяар ДЦУБ-ын Нэгдсэн Дэлхийн Ажиглалтын Систем (WIGOS)-ийн хүрээнд эх газрын станцууд, далайн хөвөгч төхөөрөмжүүд, усан онгоц, агаарын хөлөг, хиймэл дагуул зэргээс сая сая ажиглалтын өгөгдөл цуглуулдаг. Эдгээр ажиглалтын өгөгдөл, мэдээ нь ДЦУБ-ын Мэдээллийн Систем (WIS)-ээр дамжин солилцоонд гарч, Нэгдсэн Боловсруулалт ба Урьдчилан Мэдээлэх Систем (WIPPS)-д боловсруулагдан хэрэглэгчдэд шуурхай үйлчилгээний бүтээгдэхүүн, үйлчилгээ хэлбэрээр хүрдэг юм.
Үүнтэй зэрэгцэн Дэлхийн Агаар Мандлын Хяналтын Сүлжээ (Global Atmosphere Watch, GAW) нь хүлэмжийн хий, гол бохирдуулагч бодисын агууламж, мөн дэлхийг хамгаалдаг озоны давхаргын төлөв байдлыг хянадаг.
Харин Дэлхийн Уур Амьсгалын Ажиглалтын Систем (Global Climate Observing System, GCOS) нь уур амьсгалын үндсэн үзүүлэлтүүдийг урт хугацаанд хянах замаар дэлхийн хмжээний ерөнхий төлөв байдлыг үнэлэх боломж олгодог.
Эдгээр нь зүгээр нэг нэр, товчилсон үгс биш юм. Хүний мэргэжлийн ур чадвар, технологийн дэвшил, дэлхийн хамтын ажиллагааны хосгүй нэгдлийн үр дүнд тэрбум тэрбум хүнд найдвартай, цаг хугацаанд нь хүрдэг урьдчилсан мэдээ бий болдог байна.
* Газрын гадарга дээрх ажиглалт
Автомат цаг уурын станц болон ажиглагчдаас температур, агаарын харьцангуй чийг, агаарын даралт, хур тунадас, салхины хурд ба чиглэл зэрэг үзүүлэлтүүдийг нэгэн зэрэг хэмжиж, дамжуулдаг.
ДЦУБ-ын уялдуулсан дэлхийн сүлжээнд ойролцоогоор 16,300 гадаргын хуурай газрын цаг уурын станц бүртгэлтэй бөгөөд үүнээс 9,000 орчим нь Дэлхийн суурь ажиглалтын сүлжээнд (GBON) багтдаг.
*Дээд агаар мандлын ажиглалт (Радиозонд)
Өдөр бүр, хоногт хоёр удаа алслагдсан туйлын бүс, өндөр уулс, жижиг арлууд, хотын нисэх буудлуудыг оролцуулан дэлхийн бүх тивийн 1,000 гаруй байршилд цаг уурын шаар хөөргөдөг. Эдгээр нь 30 км хүртэл өндөрт хөөрөх явцдаа температур, чийг, салхины мэдээллийг бодит хугацаанд дамжуулна. Нэг цаг гаруй хугацааны дараа шаар хагарч, багажтай жижиг төхөөрөмж (радиозонд) газарт бууж ирдэг.
*Далайн ажиглалт
Далайн ажиглалтын мянга мянган платформ нь “далайн нүд” болж, цаг агаарын урьдчилсан мэдээ, эрт сэрэмжлүүлэг, уур амьсгалын урьдчилсан мэдээ гаргах өгөгдөл болж нийлүүлэгддэг. Argo Program нь энэхүү ажиллагааны гол хувь нэмэр оруулагч бөгөөд 4,000 орчим автомат хөвөгч төхөөрөмжөөр далайн усны дулааны агууламж, давсжилт, эргэлтийн хэв шинжийг хянадаг. Мөн 1,000 гаруй сайн дурын ажиглагч, усан онгоцууд бодит хугацааны цаг агаарын мэдээлэл дамжуулж байгаа бөгөөд үүнийг цаашид 10,000 хөлөгт хүргэх зорилт тавин ажиллаж байна.
*Агаарын хөлгийн ажиглалт
Нислэгийн аюулгүй байдал болон агаарын хөлгийн үр ашигтай байдалд урьдчилсан мэдээ зайлшгүй шаардлагатай. Агаарын хөлгүүд өөрсдөө ашиг хүртдэг ажиглалтын тогтолцоонд мэдээлэл нийлүүлдэг.
Дэлхийн Aircraft Meteorological Data Relay (AMDAR) системээр дамжин өдөр бүр 700,000 гаруй өндөр чанарын температур, салхины хурд, чиглэлийн ажиглалт, хэмжилт хийгддэг. Энэ нь ДЦУБ, иргэний нисэхийн байгууллагууд болон 40 гаруй арилжааны агаарын тээврийн компанийн хамтын ажиллагаанд суурилдаг байна.
*Хиймэл дагуулын ажиглалт
Дэлхийг ажиглах хиймэл дагуулын өгөгдөл нь цаг агаарын урьдчилсан мэдээний хамгийн чухал оролтын мэдээ юм. Эдгээрийг дэлхий даяар 90 гаруй сансар судлалын агентлаг, байгууллага ажиллуулдаг.
Одоогоор дэлхийн тойрог замд 400 орчим дэлхийг ажиглах хиймэл дагуул байна. Үүнээс:
• 31 нь байран (ойролцоогоор 32,000 км өндөрт),
• 300 гаруй нь туйлын тойрог замд (500–800 км),
• мөн сансрын цаг агаарын хэрэглээнд зориулсан бусад тойрог замын хиймэл дагуулууд бий.
Эдгээр хиймэл дагуул нь агаар мандал, далай, газрын гадарга, мөсийг тасралтгүй, дэлхийн хэмжээнд хянах боломж олгодог. Далайн хар салхи, шуурганы үүсэл, хөгжил, температурын тархалт, далайн түвшний өсөлт, мөсөн гол ба далай, тэнгисийн мөсний өөрчлөлт, түймэр, шороон шуургыг илрүүлэхэд зайлшгүй шаардлагатай.
Хиймэл дагуулгүйгээр дэлхийн ихэнх хэсгийг, ялангуяа дэлхийн гадаргын 70 гаруй хувийг эзэлдэг далай тэнгисийг хангалттай ажиглах боломжгүй байх байлаа.