Мэдээ мэдээлэл
МЭРГЭЖИЛ БҮХЭН САЙХАН, ЦАГ УУРЫН МЭРГЭЖИЛ БҮР САЙХАН
Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн хамт олон Дэлхийн ус, цаг уурын өдрийг тохиолдуулан мэргэжлээ сурталчлах аяны хүрээнд ерөнхий боловсролын 20 дугаар сургуулийн 12 дугаар ангийн А, Б бүлэг болон 4 дүгээр сургуулийн 12 ангийн байгалийн ухааны хичээл сонгосон сурагчдад Цаг уурын мэргэжлийн онцлог, давуу тал, ач холбогдлыг танилцуулж, мэдээлэл хийлээ.
Хүүхдүүд цаг уурын мэргэжил нүдэн ажиглалт, хэмжилт, орчин үеийн компьютерын тооцоолол, технологи дээр суурилдаг бөгөөд ХАА, нисэх, эрчим хүч зэрэг салбаруудын найдвартай ажиллагааг хангахад чухал үүрэгтэйг ойлгож сонирхсон асуултдаа хариулт авав.
Мөн сурагчид цаг уурын станцтай танилцаж, хэрхэн яаж мэдээ дамждаг гэдгийг газар дээрээс нь үзэж, сонирхлоо.
Хорин дөрвөн цаг тасралтгүй ажиглалт хийн, цаг агаарын өгөгдлийг цуглуулж, загварчлал ашиглан урьдчилан мэдээлэл гаргах, судалгаа шинжилгээ хийдэг нарийн мэргэжил учраас мэргэжилтнээс нарийн ур чадвар, мэдрэмж шаарддаг. Цаг уурын ажиглалтын тогтолцоо нь нислэгийн чиглүүлэлтээс үерийн хамгаалалт хүртэл, эрчим хүчний төлөвлөлтөөс эрүүл мэндийн менежмент хүртэл, тариалалт эхлэх хугацаанаас дэд бүтцийн хөрөнгө оруулалт хүртэл тэрбум тэрбумын үнэ цэнтэй шийдвэрүүдийн үндэс суурь болдог. Энэ тогтолцоо нь олон мянган хүний амь насыг авардаг урьдчилсан мэдээ, эрт сэрэмжлүүлгийг бий болгодог билээ.
Ус цаг уурын салбарт Цаг уурын инженер, Ус судлалын инженер, Аэрологийн инженерээс эхлэн Мэдээлэл тооцооллын ажилтан хүртэл олон олон мэргэжлийн инженер, эрдэмтэн судлаачид ажилладаг юм.
Жил бүрийн 3 дугаар сарын 23-ны өдөр Дэлхийн Цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас Дэлхийн цаг уурын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр нь 1950 оны 3 дугаар сарын 23-нд Дэлхийн Цаг Уурын Байгууллагыг байгуулсан Конвенц хүчин төгөлдөр болсон түүхэн үйл явдалтай холбоотой. Дэлхийн цаг уурын өдөр нь улс орнуудын Цаг уур, ус судлалын үндэсний албад нийгмийн аюулгүй байдал, эдийн засаг, тогтвортой хөгжил, хүний эрүүл мэндийг хамгаалахад оруулж буй чухал хувь нэмрийг олон нийтэд таниулдаг онцгой өдөр билээ.
Энэ жил Дэлхийн Цаг Уурын өдрийг “Өнөөдрийг ажиглаж, Маргаашийг хамгаалъя” уриа дор тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэхүү уриа нь цаг уур, уур амьсгал, усны ажиглалт, хэмжилт, өгөгдөл, эрт сэрэмжлүүлгийн системүүд өнөөдөр хэр чанартай, найдвартай байхаас ирээдүйд хүний амь нас, амьжиргаа, байгаль орчныг хамгаалах боломж шууд хамаарахыг онцолж байна.


