Мэдээ мэдээлэл
Гэр бүлдээ хайраа мэдрүүлэхийн тулд хийх 30 бяцхан зүйл
#1 Зүгээр л анхаарах. Та тэднээс өдрөө хэрхэн өнгөрүүлсэн, ойрд санааг нь юу чилээж байгаа, сүүлд үзсэн гоё киноных нь талаар асууж болно. Заримдаа бидэнд их зүйл бус зүгээр л багахан анхаарал л дутагддаг юм шүү.
#2 Тэврэх, үнсэх. Эмээ өвөө, ээж аав, ах эгч, дүү нар, хүүхдүүдээ боломж л гарвал тэвэрч, үнсэн хайраа илэрхийлж байгаарай. Нэг дулаахан тэврэлт л танай гэр бүлд халуун дулаан уур амьсгал авчирч чадах болно.
#3 Хамтдаа инээлдэх. Хамтдаа хөгжилтэй нэвтрүүлэг үзэн, зурагтын өмнө халуун ам бүлээрээ цуглан хөхрөн инээлдэх сайхан биш гэж үү? Гэр бүлээрээ бөөндөө үздэг, дараагийн анги дугаарыг нь тэсэн ядан хүлээдэг нэвтрүүлэг, эсвэл цуврал кинотой болоорой.
#4 Кино үдэшлэг зохиох. Хүн бүрээс санал хураан, хамгийн их саналтай киног нь амралтын өдрөөр хамтдаа үздэг болоорой. Гэртээ амттан бэлтгээд, бөөнөөрөө хамт суугаад үзэх үнэхээр гоё дурсамжийг бүтээх болно.
#5 Ярилцах. Гэр бүл бүрт хэн ч хэлж ярилцдаггүй боловч бүгдийнх нь санааг чилээх асуудал байдаг. Тэр асуудлыг та өөрийн саналаар ам нээж, бүгдийг нээлттэй ярилцахыг санал болгоорой. Жишээ нь, ээж гэрийн ажилд дандаа дарагдаж, түүнээс болж стресстэн гэрийн уур амьсгал таагүй болжээ. Та санал гарган хүн бүр гэрийн ажилд хэрхэн гар бие оролцож болохыг нээлттэй ярилцан зөвшилцөөрэй.
#6 Хамтдаа дасгал хийх. Ганцаараа дасгал хийснээс бусадтай хамт хийвэл илүү урам зоригтой байх болно. Эгч, ах, дүүтэйгээ хамт өглөө гүйдэг ч юм уу, хөөрхөн эрүүл дадалтай болоорой. Оройдоо зурагтаа чангалан хамтдаа бүжиглэх ч гоё!
#7 Гарын хоолоо хийх. Өдөр бүр чадахгүй ч хааяа өөрийн гарын хоолоор гэр бүлээ дайлдаг нэгэн байгаарай.
#8 Гэртээ тасалгааны ургамал арчлах. Ногоон байгалийн уур амьсгал танай гэр бүлийг ч дулаацуулах болно.
#9 Гэр бүлийн соёлыг тогтоох. Ямар ч байгууллагад хамт олны соёл байдаг даа? Яг үүн шиг гэр бүлийн гишүүн бүр өөрийн санаачилгаар хэрэглэсэн аяга тавгаа угаачихдаг, хэн арай завтай нь хоолоо хийчихдэг энгийн боловч нэгнээ гэх хайраа илэрхийлэх соёлтой болоорой.
#10 Хамтдаа ном унших. Ялангуяа бага насны хүүхэд, дүүтэй бол түүнд ээлжлэн ном уншиж өгдөг хуваарьтай болоорой. Тэд хамтдаа ном уншсан дулаахан дурсамжаа хэзээ ч мартахгүй бас танд ч хөгжилтэй байна гэдэгт итгэлтэй байна.
#11 Хамтдаа хооллох. Гэр бүлээрээ ширээ тойрон хооллож, зурагт үзэлгүй, ойр зуурын юм ярилцан чанартай цагийг өнгөрүүлээрэй. Бид заримдаа нэг гэрт байгаа хүмүүсээ хүртэл ойлгохгүй, юу бодож, хүсэж явааг нь мэдэхгүй, гэртээ хэр нь л ганцаардах үе байдаг юм шүү.
#12 Тоглоом тоглох. Та ойрд завгүй яваад хүү охиныхоо тоглож буй тоглоомыг нь ч анзаарах сөхөөгүй байгаа юм биш биз? Тэгвэл нэг удаа ч болов тэднийг "унт", "боль" гэж загналгүй "ухаанаа алдтал" дурлаад байгаа тоглоомыг хамтдаа тоглоод үзээрэй. Тэд таныг хайрлах болно. Та тэднийг ойлгох болно.
#13 Зөвхөн өөрийн гэр бүлийн уламжлалтай болох. Жишээ нь, шинэ жил бүрээр гэр бүл дотроо монита зарлах, хүүхдийн баяраар хүүхдүүд нь аав ээждээ ч бас бэлэг өгөх, зун бүр бөөнөөрөө ядаж нэг удаа зугаалгаар явах гээд л хөөрхөн уламжлалтай болоорой. Бүгдээрээ олон жилийн дараа ч, өнөр өтгөн гэр бүлээрээ хамтдаа уламжлалаа хийсээр байвал сайхан биш гэж үү?
#14 Тэдэнд магтаал хэлэх. Дандаа муудалцдаг эгч дүүс байлаа ч нэгэндээ хэрэгтэй үед нь хамгийн сайхан магтаалыг хэлж сураарай. Ээж аавыгаа ч магтаж, хэчнээн их хичээж буйд нь талархал илэрхийлж сураарай. Хоолоо дандаа асгачихдаг жаахан дүүгээ өхөөрдөн үнсээрэй.
#15 Жижигхэн "хөөрхөн" зүйл хийх. Ойрд их ажилтай байгаа, чухал шалгалтад бэлдэж байгаа, сандарч, багахан стресстэж байгаа гэр бүлийн гишүүндээ аяга халуун цай, амттан дөхүүлж өгөөрэй. Өөрийнхөө хувцсыг угаахдаа тэднийхийг ч бас угаачих. Яараад мартсан аавынхаа цагаан цамцыг индүүдээд бэлдчих. Тэд танд маш их баярлах болно шүү.
#16 Зарим зүйлийг анзаарч эхлэх. Өөрөө нэг өрөөтэй дүү нь өрөөгүй, өөрөө хувцасны шүүгээтэй, харин дүү нь нэг буланд хувцсаа хийдэг бол өөрөө эхэлж түүнийг анзаарах хэцүү. Тиймээс өөрт байгаа ч тэдэнд байхгүй зүйлсийг анзаарч, байгаагаа хуваалцаж сураарай.
#17 "Гэр бүлийн ерөнхийлөгч" тоглоомыг тоглох. Долоо хоног бүр хэн нэг нь гэр бүлийн ерөнхийлөгч болж, зөвхөн түүний дүрмээр гэр орны ажлыг хуваарилж, түүний шийдвэрээр чөлөөт цагаа өнгөрүүлбэл ямар уу? Хүүхдүүдийн шийдвэр хөгжилтэй байх бөгөөд тэдэнд үүрэг хариуцлагын талаар ойлголт өгөх болно.
#18 Гэр бүлээрээ зураг даруулах. Хамтдаа гэр бүлийн гэрэл зургийн өдөр зохион байгуулж, бүгд өөр өөрийн хүссэн хувцсаа өмсөн хүссэн сэдвээрээ зураг даруулаарай. Гэр бүл хүний хамгийн хайртай хүмүүс боловч хамтдаа даруулсан зураг байхгүй байх вий...
#19 Хамтдаа юм засах. Угаалгын өрөөний хагарсан шал, эвдэрсэн хаалга, уначихсан ханын цаас гээд л засварын ажлыг ч хөгжилтэй тоглоом, чанартай цаг болгон хувиргадаг күүл ээж аав байгаарай.
#20 Нэгэндээ зурвас үлдээх. "Хайртай шүү, миний хүү/охин", "Өнөөдөр хичээгээрэй, мундаг шүү ээж/ ааваа" , "Өдрийг сайхан өнгөрүүлээрэй, өвөө/ эмээ" гээд л хармагцаа л инээмсэглэх дулаахан зурвас нэгэндээ бичиж үлдээгээрэй. Түүний дуртай амттанг нь хажууд нь тавьчихвал бүр ч хөөрхөн!
#21 Тэдний ажил/ хичээл дээр очиж үзэх. Аав ээжийгээ чухам ямар ажил хийдгийг мэдэхгүй хүүхэд олон. Тэдэнд өдрийг хэрхэн өнгөрүүлж, ямар ажил хийдэг, ажлын хүмүүс нь ямар байдгийг өөрийн нүдээр нь харах боломж олгоорой. Хүүхдүүдийнхээ сургууль дээр ч очиж үзэх хэрэгтэй шүү.
#22 Үдийн хоолны болзоонд урих. Гэр бүлийн гишүүдээ нэг нэгээр нь болзоонд урьж, хамтдаа цагийг өнгөрүүлээрэй.
#23 "Гэр бүлийн түүхийн цаг" зохиох. Нэг нэгээрээ яг л тайзан дээр гарч түүхээ ярьдаг шиг өөрийн нэг түүхийг гэр бүлд хуваалцана. Танд тэдний талаар мэдэхгүй зүйл хэчнээн их байсныг та гайхах болно.
#24 Өвөө эмээгээ болзоонд урих. Эмээ өвөө дээрээ очин, эрхлэн дайлуулах шиг сайхан зүйл хаа байх вэ? Харин энэ удаа хайртай эмээ өвөөгөө болзоонд уриарай. Зөвхөн тэдэнд зориулан цаг гаргаж, өдрөө төлөвлөхөд ЭНЭ нийтлэлийн “хөөрхөн” санаанууд туслах болно.
#25 Гэр бүлийн чат нээх. Сошиалд гэр бүлийнхэнтэйгээ найзууд байхаас ч санаа зовдог уу? Тэгвэл зориглон гэр бүлийн чат нээчих. Үнэхээр хэрэгтэй байсныг нь та өөрөө удахгүй ойлгох болно.
#26 Хамтдаа тэмдэглэх. Гэр бүлийн хэн нэгний төрсөн өдөр, тэмдэглэлт баяр, хонхны баяр, бяцхан амжилтыг ч хамтдаа тэмдэглэх нь үнэхээр сайхан.
#27 Хамтдаа уйлах. Яг шууд утгаараа биш л дээ. Гэхдээ та л ганцаараа хэцүү мэдрэмжээ тээж явснаас хамгийн хайртай гэр бүлдээ учирлан ярилцахад суралцаарай. Тэд асуудлыг ор мөргүй байхгүй болгож чадахгүй ч ядаж л таныг ойлгож, сонсож, чадах бүхнээ хийхийг хүсэх болно. Ялангуяа эцэг эхчүүд хүүхдүүддээ "муугаа" үзүүлэхгүй гэсэндээ санхүүгийн асуудлаа нуудаг. Гэвч хүүхэд ойлгочихвол ядаж л нойлын цаасаа хэмнэх гэх мэт жижигхэн зүйл хийж чадна шүү дээ.
#28 Чаддаг зүйлээ хуваалцах. Тэднээс суралцах зүйлээ сурч, чадах зүйлээ зааж өгөх хөгжилтэй цагийг гаргаарай.
#29 Дурсамжийн ном хийх. Гэр бүлийнхээ түүхийг ном болговол ямар уу? Дундаж дэвтэр нээгээд хамтдаа даруулсан гэрэл зураг, онцгой үйл явдлууд, энгийн нэг өдрийн ч хамаагүй дурсамж бүхнийг түүндээ хадгалаарай.
#30 Хамгийн чухал нь чин сэтгэлээсээ хайрлах. Гэр бүлийнхэнтэйгээ үл ойлголцох, муудах сайндах, хөндийрөх, холдох, бүр үзэн ядах тохиолдол ч хүний амьдралд бий... Гэвч энэ бүхний дараа бид гэр бүлээ хайрласаар л байдаг. Түүнийгээ зөв үед нь илэрхийлж, хайраа мэдрүүлж байгаарай.... Бас та ч бас гэр бүлдээ хайрлагдсан хүн гэдгээ бүү мартаарай.
Хамгийн "күүл" аав байхад тань хэрэг болох 102 зөвлөгөө
Хүүхдээ хайраар дүүрэн өсгөх 40 САНАА