Мэдээ мэдээлэл
ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНГИЙН ПРАКТИК ХЭРЭГЛЭЭНИЙ ТАЛААР УУЛЗАЛТ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Байгаль орчны улсын хяналтын газар, Нийслэлийн прокурорын газартай хамтран зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн практик хэрэглээний талаар сургалт, уулзалтыг өнөөдөр (2026.01.21) зохион байгууллаа.
Сургалтад Цаг уур, орчны шинжилгээний газар, Усны газар, Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар, Туул голын сав газрын захиргаа, Нийслэлийн байгаль орчны газрын албан тушаалтнууд хамрагдав.
“Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-г 2026 оны 1 дүгээр сарын 1-нээс улсын хэмжээнд хэрэглээнд нэвтрүүлээд байна.
Энэхүү систем нь зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл, шалгалт, шийдвэрлэлтийг нэг эх сурвалжид төвлөрүүлэх боломж бүрдүүлж байгаа юм.
Сургалтын үеэр системийг ашиглах явцад гарч буй давуу тал, тулгамдсан асуудал, цаашид сайжруулах боломжийн талаар санал солилцов. Мөн уг нэгдсэн сан нь прокурорын хяналт, шүүхийн шийдвэр, шийтгэлийн биелэлтийн мэдээллийг нэгтгэснээр статистик, тайланг бодитой гаргах нөхцөлийг бүрдүүлж буйг онцоллоо.
Энэхүү сургалт, уулзалтын үр дүнд байгаль орчны салбарын хяналт хэрэгжүүлэгч байгууллагуудын уялдаа холбоо сайжирч, албан тушаалтнуудын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр орууллаа.