Мэдээ мэдээлэл
ИРГЭН БҮР ХАРИУЦЛАГАТАЙ, ӨӨРТӨӨ ХАЙРТАЙ БАЙГААСАЙ
Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, сургалт нөлөөллийн үйл ажиллагааны “Нэмэх нэг” төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй сургалтад Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн хамт олон 2025 оны 11 дүгээр сарын 11-нд хамрагдлаа.
Энэхүү сургалтын зорилго нь иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, яаралтай тусламжийн бэлэн байдлыг сайжруулах, зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлгийн хамралтыг нэмэгдүүлэхэд оршиж байгаа аж.
Сургалт хоёр үндсэн сэдвийн хүрээнд үргэлжилсэн бөгөөд “Ажлын байрны яаралтай тусламжийн бэлэн байдал, анхны тусламжийн гардан үйлдэл” сэдвээр Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Сансрайдорж зөвлөгөө мэдээлэл хүргэсэн бол “Xooл боловсруулах эрхтэн тогтолцооны эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах ач холбогдол” сэдвээр “Баян-Өндөр Мед” нэгдсэн эмнэлгийн гастроэнтерологийн их эмч Г.Шагдарсүрэн илтгэл танилцууллаа.
Аймгийн хэмжээнд яаралтай тусламжийн үед иргэдийн хандлага, мэдлэг, анхан шатны тусламж үзүүлэх чадвар дутмаг байгаа нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, үр нөлөөнд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс яаралтай тусламжийн үед зөв үйлдэл хийх, түргэн тусламж дуудах, анхны тусламж үзүүлэх талаар иргэдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг сургалтын үеэр онцоллоо.
Мөн өвчний эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг эрчимжүүлэх, иргэдийн эрүүл мэндийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх нь амьдралын хэв маяг, амьдралын чанарт, цаашлаад үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж болохыг иргэн бүр ойлгож, хариуцлагатай, өөртөө хайртай байгаасай.




