Мэдээ мэдээлэл
АМ ЮУГААР ХАЛЬГИНА, АМЬДРАЛ ТҮҮГЭЭР БЯЛХАНА

Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн хамт олон “ЗАЛУУЧУУДЫН САРЫН АЯН”-ы хүрээнд зохион байгуулж буй “ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭН” сэдэвт сургалтад хамрагдлаа. Сургалтыг Харилцааны сэтгэл зүйн доктор Н.Алтанцоож багш удирдан чиглүүлэв.
БИ биш БИД дээр амьдрал тогтдог бөгөөд хамт олноо, хайртай ханиа, үр хүүхдүүдээ ойлгож хүлээн зөвшөөрч эерэгээр харж сурах нь чухал болохыг багш маань онцолсон юм.
Гэр бүл бат бөх байх нь хүүхдэд аюулгүй мэдрэмж өгөхөөс гадна гэр бүлээсээ хайр мэдрэхэд нь тусалж, сэтгэл зүйн хувьд тогтвортой, аливаа асуудлыг даван туулах чадвартай нэгэн болоход тусалдаг байна.Түүнчлэн гэр бүлийн харилцаа эерэг байх нь хүүхдийн өөрийн үнэлэмж, өөртөө итгэлтэй байдалд нөлөөлөөд зогсохгүй харилцааны чадвартай, амжилттай байхад хөшүүрэг болдог.
Гэр бүлийн харилцаа нь зөвхөн хүүхдийн хөгжил, төлөвшил гэлтгүй гэр бүлийн бүхий л гишүүдэд эерэг мэдрэмжийг төрүүлж түүнээсээ аз жаргалыг мэдэрдэг байх нь чухал юм. Тэр ч утгаараа эхнэр нөхөр харилцан нэгнээ хүндэлж, үлгэр дуурайлалтай байж сурах нь гэр бүлийн үнэ цэн бүрэлдэх үндэс ажээ.
Хүн бүр нэг хэвд цутгасан мэт адилхан байх албагүй гагцхүү ялгаатай байдлаа хүлээн зөвшөөрч, давуу тал болгох нь ухаан юм. Хамт олон дунд ч улаан, шар, цэнхэр, ногоон гэх 4 төрлийн хүн зонхилдог байна. Төрөл бүрийн сэтгэхүй, онцлогтой хүмүүс аливааг олон өнцгөөр харж, ажлын бүтээмж нэмэгдэх давуу байдлыг бий болгодог талаар харилцан ярилцлаа.
Мөн сургалтаар сургагч багш, эмч Ж.Ганчимэг гэр бүлийн эрүүл мэнд, эерэг сэтгэлгээний тухай мэдээлэл хүргэлээ. Гэр бүлийн эрүүл болон эрүүл бус дадлын талаар ярилцаж, хүрч болох ур дүнгүүдийг хуваалцав.
Эцэст нь эр амгалан бол гэр амгалан гэдэг, гэрийн ноён нуруу бат бөх, тулж түших баганууд эв найрамдалтай, амнаас гар буй ерөөл адил байлгаж сурах нь чухал аж.
Гайхалтай сургалт орсон багш нартаа баярлалаа, ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхныг хүсье.



