Мэдээ мэдээлэл
ДУТАГДЛЫН ХАЖУУГААР ДУУГАЙ ӨНГӨРӨХ НЬ ГЭМТ ХЭРЭГ

Орхон аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн албан хаагчдад зориулсан "Гэр бүлийн хүчирхийлэл бол гэмт хэрэг", “Жендерт суурилсан хүчирхийлэл” сэдэвт сургалтыг Насан туршийн суралцахуйн төвтэй хамтран зохион байгууллаа.
Сургалтыг “Орхон Насан Туршийн Суралцахуй”-ийн Амьдрах ухааны боловсролын багш Б.Болорцэцэг удирдан чиглүүлэв.
Албан хаагчид тус сургалтаар гэр бүлийн хүчирхийлэл гэж юуг хэлдэг, хэрхэн хаана үйлдэгддэг, яагаад далд хэлбэрт оршдог, хэдэн төрөл зүйл байдаг, тус гэмт хэргийн хүчин зүйл, суурь шалтгаан, хууль зүйн орчин зэрэг маш олон ойлголтыг нэгэн зэрэг авч чадлаа.
Бид мэдлэг дутуу, энэ талын ойлголт үгүйгээс өөрсдөө ч мэдэхгүй гэр бүлийн хүчирхийлэгч эсхүл хүчирхийлүүлэгч болсноо анзаарахгүй явдаг байж болзошгүй аж. Тиймээс хайртай дотнын хүмүүс, гэр бүлээ энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болгохгүйн тулд мэдлэгээ тэлж, хамгаалах нь зүйтэй юм.
Гэр бүлийн хүчирхийлэл нь хэзээ ч санаандгүй байдлаар үйлдэгддэггүй бөгөөд сэтгэцийн эмгэг, хэвшмэл ойлголт зэргээр зөвтгөх ямар ч шалтгаан байхгүй гэдгийг онцолсон.
Хэрэв хэн нэгэн гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болж байгааг мэдсэн бол тэр дариу шаардлагатай арга хэмжээг авч хууль, эрх зүйн байгууллагад мэдэгдэн хамгаалах нь зүйтэй. Дутагдлын хажуугаар дуугай өнгөрөх нь гэмт хэрэгтнээс ялгаагүйг ойлгох хэрэгтэй.
