Мэдээ мэдээлэл
УЛААН ЗАГАЛМАЙН ХОРООНООС МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ

Орхон аймгийн Улаан Загалмайн хорооноос Орхон аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн хамт олонд мэдээлэл хийж, Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар хөдөлгөөний түүх, үйл ажиллагааны чиглэл, чиг үүргийн талаар танилцууллаа.
Тус хөдөлгөөнийг Нобелийн шагналтан, Щвейцарийн иргэн Анри Дюнан үүсгэн байгуулсан бөгөөд анх Сольфериногийн тулалдааны талбарт эндэж, шархадсан цэргүүдэд эмнэлгийн анхны тусламжийг аль ч тал, хэнийг ч үл ялгаварлан үзүүлсэн байна. Улмаар тэр бээр 1862 онд “Сольфериногийн дурдатгал” дурсамжийн ном бичиж, 1863 онд дөрвөн иргэнтэй нэгдэн “Тавын хороо” буюу шархдагсдад туслах олон улсын хороог байгуулсан нь Улаан загалмай хөдөлгөөний суурь болж, хожим Олон улсын Улаан загалмай хороо болж өргөжсөн байдаг.
Харин Монгол улсад “Монголын улаан хэрээстийн эвлэл”-ийн анхдугаар Их хурал 1939 оны 4 дүгээр сарын 30-нд хуралдаж, анхны дүрмээ баталжээ. Энэ өдрийг Монголын Улаан загалмай нийгэмлэг (МУЗН) байгуулагдсан өдөр гэж тэмдэглэдэг юм. Улмаар Олон улсын хүмүүнлэгийн хууль болох 1949 оны Женевийн конвенцыг Монгол Улсын Засгийн газар соёрхон баталж, 1959 онд МУЗН Олон Улсын Улаан Загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбоонд 84 дэх гишүүнээр элссэн түүхтэй.
Тус байгууллага нь олон талд сайн дурын, хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хувь хүн, албан байгууллагууд гишүүнээр элсэн нийгэмд тустай үйлсэд нэгдэж, дуу хоолойгоо өргөх бүрэн боломжтой ажээ.
