ГАМШГИЙН АЮУЛЫГ ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ДАДЛАГА СУРГУУЛЬД ХАМРАГДЛАА

2025.03.17 12:19
10
2025 оны 4 дүгээр сарын 17-ны  16:00 цагт Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль болж Орхон аймгийн Ус, уур орчны шинжилгээний төвийн албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ, өгсөн зааврын дагуу хамрагдлаа.
Зарлан мэдээллийн дуут дохиог гурван удаа дамжуулсан бөгөөд албан хаагчид хэрхэн аюулгүй байдлаа хангах талаарх мэдлэгээ өнөөдрийн дадлага сургуулиар бататгав.
НЭГ дэх түгшүүрийн дохио дуугарахад “СУУ, НУУГД, ХҮЛЭЭ” гэсэн дүрмийг баримталж аль болох шил, цонхноос хол, бат бөх ширээн доогуур орж бие болон толгойгоо халхлан аюулгүй байдлаа хангаж түр хүлээнэ.
Хэрэв гудамд явж байвал, гэрэлтүүлэг, цахилгааны тулгуур багана, өндөр барилга, байгууламж зэргээс холдож биеэ хамгаалан сууж, түр хүлээх аж.
Харин тээврийн хэрэгслээр зорчиж байгаа тохиолдолд замаас гарч, тээврийн хэрэгслээ унтраах юм.
ХОЁР дахь түгшүүрийн дохио дуугарахад анги, хамт олноороо байгаа бол толгойгоо халхлан яарч сандралгүй нэгийн цуваанд орж баруун гар талаа барьж, “гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмээ баримталж, байгаа газраасаа гарч, аюулгүй талбайд цугларна. Гарахдаа цахилгаан шат ашиглахгүй байхыг анхаарна.
ГУРАВ дахь түгшүүрийн дохио дуугарахад та өөрийн харьяаллын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж, гэр бүлийн гишүүд, анги хамт олны мэдээллийг үнэн зөв тодорхой өгнө.
Монгол улс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог учраас иргэд өөрийгөө болон гэр бүл, ойр дотнын хүмүүсээ авран хамгаалах, бусдад туслах мэдлэг чадварыг эзэмшсэн байх нь чухал.
Газар хөдлөлт болон томоохон хэмжээний аюулт үзэгдэл, осол тохиолдоход хэрэгжүүлэх өрхийн төлөвлөгөөг гэр бүлээрээ хамтран боловсруулж, гаргасан төлөвлөгөөгөө ийнхүү дадлага сургуулийн үеэр туршин, өрх гэрийн болон байгууллагын бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэхийг Орхон аймгийн Онцгой байдлын газраас зөвлөлөө.
Хуваалцах :