МОНГОЛ УЛСАД УС ЦАГ УУРЫН АЛБА ҮҮССЭНИЙ 100 ЖИЛИЙН ОЙ ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР БОЛЛОО

2024.04.30 10:00
8

Монгол Улсад шинжлэх ухаанд суурилсан ус, цаг уурын ажиглалт, хэмжилтийн сүлжээний суурь буюу Ус цаг уур, орчны шинжилгээний албаны түүхийн эхлэл 1924 онд 3 дугаар сарын 23-нд Судар бичгийн хүрээлэнд Монголын их соён гэгээрүүлэгч, нэрт эрдэмтэн Жамсрангийн Цэвээний санаачилгаар “Огторгуй одон гариг ба цаг уурыг шинжлэх салаа” нэртэйгээр байгуулан Монгол Улсын нийслэл Их хүрээ, Сонгинын буланд цаг уурын хоёр өртөө байгуулснаар тавигдсан түүхтэй.

Энэ зуун жилийн төгсгөлд буюу өнгөрсөн оныг БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ-ийн санаачилгаар “УС ЦАГ УУРЧДЫН ЖИЛ” болгон зарлаж, Ус, цаг уур, орчны шинжилгээний салбарын нэгдсэн зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулсан юм. Зөвлөгөөнөөр тулгамдсан Хүн төвт хөгжлийн төлөвлөгөөгөө хэлэлцэн баталж, хэрэгжүүлж эхлээд байна.

Өнгөрсөн түүхийн хугацаанд байгаль, цаг агаарын аюул гамшгийг үл хайхран ус, цаг агаар, орчны төлөв байдал, чанарыг тасралтгүй ажиглаж, хэмжиж байдаг ажиглагч нарийнхаа зүрх сэтгэл, хичээл зүтгэлийн үр дүнд ИХ ӨГӨГДӨЛ-ийн баялаг санг бүрдүүллээ. Ингэснээр салбарын үйл ажиллагааны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлснээр Монголын төдийгүй дэлхийд нэртэй эрдэмтэн судлаачид төрсөөр байна.

Өнгөрсөн онд Ус, цаг уур, орчны шинжилгээний салбарын хөрөнгө оруулалт сүүлийн 20 гаруй жилд байгаагүйгээр нэмэгдэж 16 орчим тэрбум, урсгал зардал 66 тэрбум болж, цаг уурын Улсын сүлжээний автоматжуулалт эрчимжиж, усны судлалын Улсын сүлжээний автоматжуулалтын ажлын эхлэл тавигдаж, радарын сүлжээгээ өргөтгөх боломж гарсан юм. Мөн албан хаагчдын нийгмийн баталгаа сайжирч, төрийн үйлчилгээний мэргэжлийн ангилалд орж түүхт 100-н жилийн ойг тэмдэглэж байна.

Хуваалцах :