“ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН

"ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
Сүүлийн жилүүдэд улс орны нийгэм, эдийн засагт хийсэн шинэчлэлийн нөлөөгөөр хүн амын өвчлөл, нас баралтын бүтцэд өөрчлөлт гарч хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний эрэлт, хэрэгцээ өсөн нэмэгдэж байна.
 
Эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр 1990 он гэхэд манай хүн амын нас баралтын шалтгааны эхний 2, 3 дугаарт зүрх судасны өвчин, хавдар ордог байсан бол 1993 оноос эхлэн нас баралтын шалтгааны дотор зүрх судасны өвчин тэргүүлж,  хавдар, осол гэмтэл дараа нь ордог болсны дээр сүүлийн жилүүдэд чихрийн шижин өвчний тархалт нэмэгдэх хандлагатай байгааг манай судлаачид тогтоогоод байна.
 
Судалгаагаар насанд хүрэгсдийн 3.2 хувь буюу 30 гаруй  мянган хүн чихрийн шижингийн П хэлбэрээр өвчилсөн, цаашид   9.2 хувь буюу 60 гаруй мянган хүн өвчлөх эрсдэлтэй байгааг тогтоогоод байна.
 
Хүн амын нас баралтын шалтгааны дотор халдварт бус өвчин  давамгайлж монгол хүний дундаж наслалтад ч нөлөөлж байна. Тухайлбал, 1990 онд монгол хүний дундаж наслалт 63.7 байснаа 1992 онд 62.8 болж бууран 2003 онд 63.6, 2004 онд 64.5 болж нэмэгдсэн хэдий ч дундаж наслалтад тодорхой өөрчлөлт гарахгүй байна.
 
Эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр зүрх судасны өвчнөөс шалтгаалсан нийт нас баралтын дотор 43.1 хувийг цусны даралт ихдэх өвчин, тархины цус харвалт, 30.7 хувийг зүрхний цус хомсдох өвчин тус тус эзэлж  байна.
 
Манай улсын 100000 хүн амд дунджаар 134.5 хүн хорт хавдраар өвчилж байгаа бөгөөд энэ өвчин нь ажил, амьдралын туршлага сууж, ид хөдөлмөрлөх насныханд илүү тохиолдож, шинээр оношлогдсон тохиолдлын 70 гаруй хувь нь Ш-IҮ үедээ буюу хожуу оношлогдсоноос тухайн жилдээ нас барж байна. 
 
     Халдварт өвчний тархалт өндөр хэвээр байгаа бөгөөд сүрьеэгийн өвчлөл нэмэгдэж бүс нутагтаа Монгол Улс өндөр тархалттай орны тоонд багтаж байна. 
 
 Бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ/ДОХ-ын халдвар сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай болж нийт халдварт өвчний 43.6 хувийг эзэлж байна.
 
Зах зээлийн тогтолцоонд шилжсэнээс хойш эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авах хөрөнгийн хэмжээ эрс буурч тоног төхөөрөмжийг засварлах, шинэчлэхэд зарцуулах хөрөнгө хомсдох болсон. Аймаг, сумдын эмнэлгийн 50 орчим хувь нь зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдаагүй, эмнэлэгт байгаа тоног төхөөрөмжийн 80 орчим хувь нь 20 гаруй жил ашиглагдаж байгаа нь хүн амд хүргэх эмнэлгийн тусламжийн чанарт сөргөөр нөлөөлж байна.
 
Орон нутагт эмнэлгийн мэргэжилтэн дутагдалтай,  тэдгээрийн тогтвор суурьшил муу, төгсөлтийн дараахь сургалт хангалтгүй, эмч, эмнэлгийн ажилтны цалин хөлс бага зэрэг  нь тусламж үйлчилгээний чанарт шууд нөлөөлж байна. Хөдөө орон нутагт ажиллах эмч нарын тоо эрс цөөрч 100 гаруй сумын эмнэлэгт эмч дутагдалтай байгаагийн зэрэгцээ 15 сумын эмнэлэг их эмчгүй байна.
    
     Ийнхүү хөдөө орон нутгийн эмнэлгийн тусламжийн чанар, хүртээмж хангалтгүй байгаа нь хүн амын дунд далд өвчлөл ихсэх улмаар Улаанбаатар хотод ирж үйлчлүүлэх хөдөөгийн иргэдийн урсгалыг нэмэгдүүлэх шалтгаан болж байна. Энэ нь нэг хэсэг иргэдэд эрүүл мэндээс шалтгаалсан санхүүгийн нэмэлт дарамт учруулж ядууралд хүргэх нэг шалтгаан болж байгаа бол амьжиргааны түвшин доогуур, замын зардлаа төлж дийлэхгүй байгаа иргэд эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн тусламжийг авч чадахгүйд хүргэж байна.  
 
Иймээс олон нийтийг хамарсан эрүүл мэндийн үзлэг, оношилгоог нийслэл, орон нутагт  зохион байгуулж хүн амын  далд, оношлогдохгүй байгаа халдварт болон халдварт бус өвчнийг илрүүлж, эмчлэн эрүүлжүүлэх тусгай хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх шаардлага гарч байна.
 
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, хугацаа,
зарчим, санхүүжилт
 
2.1.  Хүн амын дунд зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчний өвчлөлийн түвшинг тогтоон эрт илрүүлэн эмчилснээр хүн амын эрүүл мэндийн байдлыг сайжруулахад  энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
 
2.2. Хөтөлбөр нь 2006-2008 онд хэрэгжинэ.
 

2.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараахь зарчмыг баримтална:      

а/иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулан эрүүлжүүлэх үйл ажиллагаа нь тасралтгүй шинжтэй байх;
б/үзлэг явуулах үеэр орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн явагдах;
в/ үзлэгт иргэдийг бүрэн хамруулах;
г/иргэдийн хувийн нууцыг хадгалах;   
д/хөтөлбөр нь төрийн захиргаа, нутгийн өөрөө удирдах, эрүүл мэндийн болон бусад байгууллага, хамт олон, гэр бүл, иргэний нэгдмэл үйл ажиллагаагаар хэрэгжих.  
       
     2.4. Хөтөлбөрийн санхүүжилтийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:
 
           а/улсын төсөв (2007 оноос);
           б/гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив, тусламж;
            в/ олон улсын байгууллага, хандивлагч орны тусламж, хандив;
           г/ бусад эх үүсвэр.
 
Гурав. Хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааны чиглэл,
хүрэх үр дүн
 
3.1. Зорилт 1. 15-аас дээш насны хүн амын дунд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийж зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчний өвчлөлийн түвшинг тогтооно:
3.1.1. Төрөлжсөн мэргэжлийн эмч нарын болон лабораторийн явуулын баг бүрдүүлэх;
3.1.2. Үзлэгийг зохион байгуулахад шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, эм хэрэгслийн захиалга, ханган нийлүүлэх ажлыг зохион байгуулах;
3.1.3. Үзлэгийг батлагдсан хуваарийн дагуу зохион байгуулж нийт хүн амын 60-аас доошгүй хувийг үзлэгт хамруулж өвчлөлийн түвшинг тогтоох.
Хүрэх үр дүн: 15-аас дээш насны хүн амын дунд зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчний өвчлөлийн түвшин тогтоогдсон байна.
3.2. Зорилт 2. Үзлэгээр илэрсэн өвчтэй хүмүүсийг эмчилж эрүүлжүүлэх арга хэмжээ авна:
3.2.1. Үзлэг, оношилгоог явуулж оношийг өвчтөн бүрээр тогтоон зөвлөгөө өгч боломжтой эмчилгээг тухай бүр газар дээр нь хийх;
3.2.2. Сум, өрхийн эмнэлгийн эмч нартай хамтарч өвчтөн бүрээр "эрүүлжүүлэх төлөвлөгөө"-г боловсруулж хэрэгжүүлэх;  
3.2.3. Удаан хугацааны эмчилгээ шаардлагатай өвчтөнийг орон нутгийн эрүүл мэндийн байгууллага болон эрүүл мэндийн төрөлжсөн нарийн мэргэжлийн байгууллагад эмчлүүлэх чиглэл өгөх.
 
Хүрэх үр дүн: Тухайн орон нутагт ажилласан үзлэгийн баг нь үзлэгээр илэрсэн өвчтэй хүмүүсийн онцлог, хэрэгцээнд нийцсэн "эрүүлжүүлэх төлөвлөгөө"-г сум, өрхийн эмч нартай хамтран иргэн нэг бүрээр боловсруулсан байна. Төлөвлөгөөний хэрэгжилтийг арга зүйгээр хангах, хяналт-үнэлгээ хийх, хүн амыг эрүүлжүүлэх ажлыг Эрүүл мэндийн яам, орон нутгийн эрүүл мэндийн газар дэс дараатай зохион байгуулсан байна. Эдгээр арга хэмжээний үр дүнд зарим өвчтөн эмчилгээ хийлгэж эрүүлжсэн байна.
3.3. Зорилт 3. Зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчний өвчлөлийн мэдээллийн цахим сан байгуулна:
3.3.1. Мэдээлийн сан үүсгэх бэлтгэл ажлыг зохион байгуулах;
3.3.2. Үзлэгт хамрагдсан иргэн бүрийн өвчлөлийн талаар мэдээллийг цахим санд оруулах;
3.3.3. Хүн амын 60 хувийг хамарсан улсын хэмжээний нэгдсэн сан байгуулж мэдээлэлд дүн шинжилгээ хийх, бодлогын  зөвлөмж гаргах боломжийг бүрдүүлэх;
3.3.4. Мэдээллийн санд үндэслэн иргэдийг эмчилгээ, үйлчилгээнд хамруулах боломж бүрдүүлэх.
Үр дүн:  Хүн амын дунд зонхилон тохиолдох өвчлөлийн мэдээллийн цахим сан байгуулагдаж мэдээлэлд дүн шинжилгээ хийх, бодлогын зөвлөмж гаргах, иргэдийг үзлэгт хамруулах боломж бүрдсэн байна.
3.4. Зорилт 4. Хүн амын дунд эрүүл аж төрөх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулна:  
3.4.1. Үзлэгийн үеэр хүн амд зориулан эрүүл аж төрөх, өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, сургалт сурталчилгаа явуулах;
3.4.2. Шаардлагатай тохиолдолд өвчтөнд үзлэгийн багийн эмч, мэргэжилтний зүгээс ганцаарчилсан зөвлөгөө өгөх;
3.4.3. Орон нутгийн эмч, эмнэлгийн ажилтныг дагалдуулан сургах, тэдний ур чадварыг дээшлүүлэх.
Үр дүн: Эрүүл аж төрөх, өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар иргэд тодорхой мэдлэг ойлголттой болсон байна. 
3.5. Зорилт 5. Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ, дүгнэлт өгч, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах:
3.5.1. Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын хүчин чадал, явуулж байгаа үйл ажиллагаанд үнэлгээ хийх;
3.5.2. Тухайн орон нутгийн хүн амын өвчлөлийн түвшин, онцлогт тохирсон үйл ажиллагаа явуулах хүчин чадлыг бий болгох чиглэлээр санал боловсруулах.
Үр дүн: Тухайн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг хүн амынхаа эрүүл мэндийн хэрэгцээтэй уялдуулан цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг гаргана.

Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт

 
     4.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг үндэсний хэмжээнд уялдуулан зохион байгуулах, хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах арга хэмжээг Эрүүл мэндийн яам хариуцан зохион байгуулна.
 
     4.2. Орон нутагт хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэх, үр дүнд хяналт тавих үүргийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хариуцна. 
 
     4.3. Орон нутгийн эрүүл мэндийн байгууллага хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулахад оролцож хүн амыг эрүүлжүүлэх төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх, үр дүнг тооцох, тайлагнах үүрэг хүлээнэ.    
 
Тав. Хөтөлбөрийн хамрах хүрээ
 
Хөтөлбөрт 21 аймаг, 329 сум болон Улаанбаатар хотын     15-аас дээш насны хүн амын 60-аас доошгүй хувь буюу нийт    1.6 сая орчим хүн хамрагдана.  
 
Зургаа. Хөтөлбөрийн хэрэгжилтэд тавих хяналт, үнэлгээ
 
6.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнд хийх хяналт-шинжилгээ, үр дүнгийн үнэлгээг улсын хэмжээнд Эрүүл мэндийн яам, орон нутагт аймаг, нийслэлийн Засаг дарга хариуцан гүйцэтгэнэ.
 
6.2. Аймаг, нийслэлийн Засаг дарга хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар жил бүрийн I улиралд багтаан Эрүүл мэндийн яаманд мэдээлнэ.
 
6.3. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар жил бүрийн    П улиралд багтаан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл, Засгийн газарт мэдээлж хөтөлбөрийн үнэлгээг 2006-2008 онд дараахь шалгуур үзүүлэлтээр гаргана:
 
 
Хөтөлбөрийн үнэлгээний шалгуур үзүүлэлт
 
¹
Үзүүлэлт
2006
2007
2008
 Мэдээллийн эх үүсвэр
1.             
Үзлэгт хамрагдвал зохих хүн амаас хамрагдсан хүмүүсийн  эзлэх хувь  
30
60
100
Үзлэгийн тайлан
2.             
"Эрүүлжүүлэх төлөвлөгөө"-нд иргэдээ бүрэн хамруулсан сум, өрхийн эмнэлгийн эзлэх хувь 
20
40
100
Орон нутгийн захиргаа, эрүүл мэндийн байгууллагын тайлан
3.             
Зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчний өвчлөлийн мэдээллийн цахим санд хамрагдсан өрх, сумын эмнэлгийн эзлэх хувь
20
60
100
Мэдээний сангийн тайлан
4.             
Эрүүл аж төрөх, өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, сургалт, сурталчилгаанд хамрагдсан хүмүүсийн эзлэх хувь   
30
60
100
Мэдээлэл, сургалт, сурталчилгааны  тайлан
5.             
Орон нутгийн хүн амын эрүүл мэндийн хэрэгцээнд нийцсэн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байгаа эрүүл  мэндийн байгууллагын эзлэх хувь
20
60
100
Орон нутгийн захиргаа, эрүүл мэндийн байгууллага, нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөлийн тайлан
-----оОо-
Хуваалцах :