Танин мэдэхүй
Хүнсний хомсдолыг хэрхэх вэ?

Уур амьсгалын өөрчлөлт хэтэрхий хурдацтай явагдаж буй энэ үед гурилын үнэ хэтэрхий хурдан өсөж байвал та бүү гайхаарай. Гурилын гол орц болох улаан буудай нь +8-аас 27 градусын дулааныг л тэсвэрлэх чадвартай. Өдрийн дундаж хэм 25 байсан ч манай улс шиг эрс тэс уур амьсгалтай газар нутагт өдөр шөнийн температурын зөрүү 10 градусаар хэлбэлздэг шүү дээ.
Өөрөөр хэлбэл, өнөөдрийн дээд хэм 30 градус хүрч, доод хэм 8 градусаас доошилсон өдрүүд олшрох тусам бид намрын ургацаа алдаж улмаар улаан буудайн хомсдол үүсэх өндөр магадлалтай. Нөхцөл байдал дээрдэхгүй байх аваас 2100 он гэхэд Монгол болон хоёр хөрш маань нийт ургацынхаа 30-аас 40 хувийг алдах болно. Харин эрдэнэ шишийн эх орон болсон АНУ-ын хувьд төвийн бүс, төв Азийн нутагт 40 хувийн алдагдал хүлээх төлөвтэй.
Энэ мэтчилэн бидний өдөр тутамдаа түгээмэл хэрэглэдэг цагаан будаа, эрдэнэ шиш, улаан буудай зэргийн ургац дэлхийн дулаарлаас шууд хамааралтай. Харин уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан жил ирэх тусам дэлхийн улсуудын өдрийн дээд, доод температур хоёр туйл руугаа хэлбийсээр.
Энэ бол хүн төрөлхтний өмнө тулгарч буй хүнсний асуудлын ганцхан жишээ. Өнгөрсөн сард зохиогдсон COP27 хурлын үеэр зөвхөн газар тариалан бус хүнс түгээлтийн систем, мал аж ахуй, жимс жимсгэнэ гээд хүн төрөлхтний хоол хүнсний нөөц уур амьсгалын өөрчлөлтийг хэрхэн даван туулах талаар ярилцсан юм.