Цаг агаарын хамгийн ер бусын үзэгдэл

2025.07.21 15:12
7

Температурын хамгийн түргэн ихсэлт

1943 оны нэгдүгээр сарын 22-нд америкийн Өмнөд Дакода муж улсын Спирфиш хотод өглөөний 7 цаг 30 минутад агаарын температур Цельсийн яг хасах 20 градус байжээ. Нэг минутын дараа дээрээс гэнэт хүчтэй салхи салхилсан байна. Хоёр минутын дараа температур Цельсийн нэмэх 7 градус хүртэл 27 градусаар нэмэгджээ. Энэ нь цаг уурчдын мэдэх температурын хамгийн түргэн дээшлэлт юм.  Бас нэг цагийн дараа  12 градус хүртэл дулаарч, харин 27 минутын дараа анхны хасах 20 градустаа  буцаж орсон байна. Хагас цаг хүрэхгүй хугацаанд агаарын температур Цельсийн хасах 32 градус болж буурчээ.

Хамгийн бага температур

Энэ төрөлд Орос улс тэргүүлдэгийг төсөөлөхөд төвөггүй юм. Антарктидын "Восток" станц нь агаарын температур нь дэлхийд хамгийн багад ордог газруудын нэг болох өмнөдийн хүйтний туйлд байдаг.  Тэнд өвлийн дундаж температур Цельсийн хасах 65 градус, зун нь хасах 30 градус байдаг юм.  1983 оны долоодугаар сарын 21-нд  термометрийн багана тэгээс доош 89,2 градусыг зааж байсан нь цаг уур судлалын түүхэнд хамгийн бага температур юм. Үүнээс гадна,  тэнд байнга хүчтэй  салхилж (цагт 60 км хүртэл), агаарын чийгшил туйлын бага, бас агаарт хүчил төрөгч дутагдалтай байдаг. Сонин газар байгаа биз!

Хамгийн эрс хүйтрэлт

Дахиад л Өмнөд Дакота муж улсын Рапид гэдэг жижигхэн хотод буцаж очих нь. 1943 оны нэгдүгээр сарын 22-нд агаарын температур тавхан минутын дотор нэмэх 16 градусаас хасах 11 градус хүртэл буурчээ. Энэ бол гарцаагүй дээд үзүүлэлт бөгөөд хөргөгчинд ч ингэх аргагүй юм.

Хамгийн том цасан ширхэг

1987 оны нэгдүгээр сарын 28-нд америкийн Монтана муж улсын "Порт Киог" гэдэг эдлэн газрын нэг ажилтан 38 сантиметрийн голчтой цасан ширхэг олжээ. Энэ нь үлгэр мэт санагдавч, үүнийг харсан хүмүүс, нотлох баримт бий учир Гиннесийн номонд орсон байна.

Хамгийн их бороотой өдөр

1952 оны гуравдугаар сарын 16-нд Франц далайн чанад дахь муж болох Реюньон арлын төв дэх Килаос тосгонд 1869 миллиметр тундас унасан нь өндрөөшөө бараг хоёр метртэй тэнцэж байжээ. Энэ нь дэлхийд хоногт унасан хамгийн их тундас болж байна. Мөн энэ арал 2007 оны гуравдугаар сард 72 цагийн дотор орсон тундасын хэмжээгээр бас тэргүүлдэг юм.  Тэгэхэд 3929 миллиметр тундас унажээ. Тийнхүү эндхийн хүмүүс резинэн завьгүйгээр гэрээсээ гарах аргагүй юм шиг санагдахаар байна.

Хамгийн их цас орсон газар

1998 оны долоодугаар сарын 1-нээс 1999 оны зургаадугаар сарын 30-ны хооронд АНУ-ын Вашингтон муж улсын  Бэйкер  ууланд 29 метр зузаан цас оржээ. Бэйкер уулнаас 200 км-т орших Рэйнер ууланд өмнө нь нэг жилийн хугацаанд 27 метр зузаан цас орсон байна. Энэ газарт яагаад ийм их цас унадаг байна вэ? Номхон далайн зүгээс их чийглэг үүл байнга  нүүн ирж, энэ нь уул нурууг давахдаа чийгийг цас болгож, улмаар цасны тасралтгүй ажиллагаатай  дамжлага гэлтэй болдог ажээ.

Хамгийн том мөндөр

2003 оны зургаадугаар сарын 22-нд АНУ-ын Небраска муж улсыг дайран мөндөртэй их аадар бороо орж, үүний дараа эндхийн оршин суугчид томоос том гэгчийн нэг мөндөр олж, үүнийгээ хөргөгчинд хийгээд, Гиннессийн номын хорооны төлөөлөгчдийн албаныхныг дууджээ. Энэ нь үнэхээр жинхэнэ мөндөр мөнийг мэргэжилтнүүд нотлоод, хамгийн том нь бараг 18 сантиметрийн огтлолтой байсныг дурджээ. Ийм мөндөр нь цагт 160 орчим км-ийн хурдтай унасан бөгөөд энэ аадар бороо нэг тэрбум долларын хохирол элбэгхэн учруулж болох байсныг эрдэмтэд тэр даруй тооцоолсон байна. Энэ мөндөр одоо АНУ-ын Колорадо муж улсын агаар мандлын судалгааны үндэсний төвд хадгалагдаж байгаа юм.

Хамгийн их хурдтай салхи

1999 оны тавдугаар сарын 3-ны өдөр америкийн Оклахома  муж улсад хэд хэдэн удаа Торнадо хар салхи хөдөлж, эндхийн нийт нутагт байшин барилгыг байнга эвдэж байжээ. Оройн 7 цагт цаг уурын тусгай хөдөлгөөнт станц цагт 512 км-т хүрч байсан салхи 3 секунд үргэлжилснийг бүртгэж авсан байна. Энэ нь F6 ангиллын үзэгдэл (F1- F6-гийн шаталбар нь  Торнадо хар салхины сүйтгэгч хүчийг илэрхийлдэг юм) болох Фужитийн шаталбарын  анхны ийм их хурдтай салхи байжээ.

Хамгийн олон бүлэг хар салхи

Бүх дээд үзүүлэлт яагаад ч юм АНУ-д болдогийн учир юу вэ? Тийнхүү, 1974 оны дөрөвдүгээр сарын 3-4-нд  АНУ, Канадад 18 цагийн хугацаанд 148 торнадо хар салхи үүсчээ. Энэ үзэгдэл "Торнадогийн дэлбэрэлт" гэсэн нэр авсан юм. Ингэхдээ 24 хар салхи Фужитийн шаталбараар F4 , зургаа нь F5 гэсэн ангилалд орсон байна. Нэг мянга таван зуу орчим хавтгай дөрвөлжин км талбайд байсан бүх зүйл эвдэрч, 3,5 тэрбум долларын хохирол учирчээ.

 

Хуваалцах :