Танин мэдэхүй
Нефологи буюу үүлний шинжлэх ухаан

Нефологи буюу үүлний шинжлэх ухаанд чийгээр ханасан агаар дээш хөөрч шүүдэр цэгтээ хүртэл хөрсөн үед үүл үүсдэг гэж үздэг. Бүх үүл нь үндсэндээ усан дуслууд, мөсөн талстуудаас бүрдэнэ. Гэхдээ үүлнүүд нэг нэгнээсээ өөр харагддаг бөгөөд эдгээр ялгаа нь цаг агаарын өөрчлөлтийг урьдчилан таамаглахад тусалдаг.
Тэнгэрт харагдах үүлнүүдийг өндрөөс нь хамааруулаад ерөнхийд нь дээд, дунд, доод мандлын мөн Босоо хөгжлийн гэж нийт 4 хувааж үздэг.
Дээд мандлын үүлнүүд:
*Сэмжин үүл (Cirrus) нь ихэвчлэн мөсөн талстаас бүрддэг нарийхан, өд шиг харагдах үүл юм. Тэдний сэвсгэр хэлбэр нь мөсөн талстыг сийрэгжүүлж хэсэг хэсэг болгон тараадаг салхины урсгалаас үүдэлтэй. Энэ үүл цаг агаарыг өөрчилж болно.
*Сэмжин давхраат үүл ( Cirrostratus) бол тэнгэрийг бүхэлд нь хөшиг шиг бүрхсэн нимгэн цагаан үүл юм. Эдгээр үүл нь ихэвчлэн өвлийн улиралд ажиглагддаг бөгөөд нар эсвэл сарны эргэн тойронд гэрэлт цагираг харагдах шалтгаан болдог. Энэ үүлнээс 24 цагийн дотор бороо, цас орох боломжтой.
*Сэмжин бөөн үүл ( Cirrocumulus ) нь нимгэн, алаг цоог толботой, хуудас хэлбэртэй үүлс юм. Энэ орчим их хүйтэн. Гэсэн ч халуун орны бүс нутагт эдгээр үүл ойртож буй нь хар салхины шинж тэмдэг байж магадгүй юм.
Дунд мандлын үүлнүүд:
*Өдрийн бөөн үүл (Altocumulus) нь хэд хэдэн толботой цагаан эсвэл саарал давхаргатай бөгөөд олон жижиг эгнээ сэвсгэр долгионоос бүрдсэн мэт харагддаг. Сэмжин үүлнээс доогуур орших боловч нэлээд өндөрт үүснэ. Эдгээр үүлс шингэн уснаас голчлон бүрддэг ч тэр бүр бороо оруулдаггүй. Цаг агаарын тааламжтай нөхцөлтэй.
*Өндрийн давхраат үүл (Altostratus) нь мөсөн талст, усны дуслуудаас тогтсон саарал эсвэл хөх саарал өнгийн дунд түвшний үүл юм. Үүл ихэвчлэн тэнгэрийг бүхэлд нь бүрхдэг. Тасралтгүй бороо эсвэл цас ордог.
*Борооны давхраат үүл (Nimbostratus) нь бороо, цастай хар саарал үүл юм. Маш зузаан тул нарны гэрлийг хүртэл хаадаг.
Доод мандлын үүлнүүд:
*Бөөн үүл ( Cumulus) нь тэнгэрт сэвсгэр цагаан хөвөн бөмбөлөг мэт харагдана. Нар жаргах үед янз бүрийн хэмжээ, хэлбэртэйгээр харагдах нь сонирхолтой. Цаг агаарын хувьд тааламжтай.
*Давхраат үүл ( Stratus) нь ихэвчлэн тэнгэрийг бүхэлд нь бүрхсэн нимгэн цагаан хуудас шиг харагддаг. Маш нимгэн тул бороо, цас их ордоггүй. Заримдаа уул, толгод дээр эдгээр үүл нь манан мэт харагддаг. Тэнгэр бүрхэг байдаг.
*Давхраат бөөн үүл (Stratocumulus) нь өндөр, бараан, зөгийн сархинаг шиг харагддаг толботой, саарал, цагаан үүл юм.
Цаг агаарын байдал сайхан байх ч, шуурах магадлал өндөр.
Босоо хөгжлийн үүл:
*Борооны бөөн үүл (Cumulonimbus) нь халуун өдрүүдэд чийгтэй агаар өндөрт өргөгдөхөд үүсдэг. Холоос харахад асар том уулс эсвэл цамхаг мэт харагддаг. Хүчтэй аадар бороо, мөндөр, хар салхитай.


