Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Ерөнхий технологич инженер бөгөөд төрөлжсөн архив, мэдээллийн дэд сангийн технологич инженер, хүний нөөцийн мэргэжилтэн О.Хандмаа
Холбогдох утас: 99782558
Өрөөний дугаар: 108 тоот
email:orkhontsaguur@gmail.com
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ, ГҮЙЦЭТГЭЛД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ энд дарж үзнэ үү
ХОЛБООС ДЭЭР ДАРЖ https://user.tender.gov.mn/uploads/Handbook.pdf "ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЦАХИМ СИСТЕМ” -ИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА ХАРНА УУ?
Тендерт оролцогчид зориулсан гарын авлага
Бараа нийлүүлэх тендерын шалгаруулалтын үед шаардлагад нийцсэн тендер бэлтгэх зөвлөмж
Төрийн болон төрийн өмчит байгууллага (цаашид "захиалагч" гэх) -ууд тухайн жилд батлагдсан улсын төсвийн хүрээнд шаардлагад нийцсэн хамгийн сайн бараа худалдан авах зорилгоор хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн байгууллага (цаашид "тендерт" оролцогч" гэх)-уудын дунд тендер шалгаруулалтыг нээлттэйгээр зарладаг. Гэвч тендерт оролцогчид тухайн барааг худалдан авахад зориулан захиалагчийн
боловсруулан тендерийн баримт бичиг (цаашид "ТББ" гэх)-ийн дагуу өөрийн санал (цаашид "тендер" гэх)-аа бэлтгэж ирүүлээгүйн улмаас үнэлгээний эхний шатанд хасагдах явдал түгээмэл байгаа учир тендерт оролцогчдод зориулан шаардлагад нийцсэн тендер бэлтгэхэд нь туслах зорилгоор энэхүү зөвлөгөөг хүргэж байна.
•Бараа нийлүүлэх тендерийн жишиг баримт бичиг, түүний ач холбогдол
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Сангийн яамнаас "Бараа нийлүүлэх тендерийн жишиг баримт бичиг" (цаашид "ТЖББ" гэх)-ийг боловсруулан гаргадаг. ТЖББ-ийг захиалагч нар үйл ажиллагаандаа удирдлага болгосноор тендер шалгаруулалтын үр ашгийг нэмэгдүүлж, улмаар цаг хугацаа, зардал хэмнэх, мөн шаардлага хангасан тендер ирүүлэх боломжийг бүрдүүлж, өрсөлдөөнийг дэмжих ба тендерт оролцогч нарт тендер бэлтгэхэд нь ихээхэн тус дөхөм болох ач холбогдолтой юм.
Тендерт оролцогчид нь ТББ дэх Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа (цаашид "ТОӨЗ" гэх) болон Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт (цаашид "ТШӨХ" гэх)-ийг сайтар судалж, танилцах шаардлагатай байдаг бөгөөд эдгээр нь тухайн тендерийг хэрхэн бэлтгэх, ямар баримт, материалыг хавсаргах, тендер шалгаруулалтын талаарх тодруулгыг хэрхэн авах, тендерийг хэзээ, хэрхэн ирүүлэх болон тендерийн үнэлгээг хэрхэн хийх талаар бүхий л мэдээлэлийг агуулдаг. ТББ-ийн өөр нэгэн чухал хэсэг бол гэрээний ерөнхий болон тусгай нөхцөл үүд бөгөөд эдгээр нь гэрээний хэрэгжилтийг зохицуулахад чиглэдэг учир тендерт оролцогчид эдгээр заалтуудыг сайтар ойлгож, нягтлах нь зүйтэй юм. ТББ нь мөн тухайн тендерийн талаарх мэдээллийг ирүүлэх жишиг маягуудыг агуулдаг бөгөөд тендерт оролцогч тэдгээрийн зохих журмын дагуу бөглөж, гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулсан байх ёстой. Захиалагч нь тухайн худалдан авах ажиллагааны ТББ-ийг ТЖББ-т шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг оруулах замаар боловсруулах бөгөөд эдгээр өөрчлөлтийг ТШӨХ, чадварын мэдээллийн маягтууд, ТЖББ-ийн 4 дүгээр бүлэг, гэрээний тусгай нөхцөл зэрэгт оруулдаг. Түүнчлэн үнэлгээний явцад ТОӨЗ болон ТШӨХ дэх мэдээлэл хоорондоо зөрчилдвөл ТШӨХ дэх мэдээллийг үнэн зөв гэж
•Бараа нийлүүлэх тендер бэлтгэх
Бараа нийлүүлэх тендер шалгаруулалтад оролцож буй тендерт оролцогчид тендерээ бэлтгэхдээ зайлшгүй анхаарах ёстой байдаг мэдээллийг доор жагсаалаа.
Юуны өмнө Тендерийн Бичиг Баримттай /цаашид ТББ гэх/ сайтар танилцаж, түүнд тавигдсан шаардлагыг хангаж чадах эсэхээ нягтлах хэрэгтэй бөгөөд хэрэв захиалагчийн шаардлагыг биелүүлэх боломжгүй байх тохиолдолд тухайн тендер шалгаруулалтад өрсөлдөхгүй байх нь цаг хугацаа хэмнэхийн зэрэгцээ үргүй зардал гаргахаас сэргийлнэ.
- ТББ-тэй холбоотой тодруулах шаардлагатай зүйлсийг захиалагчид бичгээр хүсэлт гаргасаны үндсэн дээр тодруулах
- Авилга, залилан мэхлэх гэх мэт үйлдлийн аль нэгэнд холбогдоогүй талаар баталгаажуулсан мэдэгдэл гаргах
- Өөрийн эрх бүхий тендерт оролцогч болохоо нотолж баримт бичгүүдийг бүрэн хавсаргаж ирүүлэх
- Хэрэв тендерт түншлэл болж оролцох бол түншлэлд тавигдсан шаардлагыг бүрэн хангасан байх -Тендерээ ТББ-т заасан хэл дээр ирүүлэх
- Тендерийн үнийг тендерийн маягт болон барааны үнийн хуваарийн дагуу бэлтгэж ирүүлэх. Тендерээ ТББ-т зааснаас өөр хэлбэрээр ирүүлсэн тохиолдолд тухайн тендерээс шууд татгалзах үндэслэл болно -Тендерийн баталгааг ТББ-т заасан хугацаанд хүчинтэй байх ёстой бөгөөд энэхүү хугацааг нэг хоногоор дутуу ирүүлсэн байсан ч тухайн тендерээс шууд татгалзах үндэслэл болно
- Тендерийн баталгааг ТББ-т заасан хэлбэрийн дагуу шаардсан үнийн дүнгээр гаргаж ирүүлэх ёстой. Дутуу ирүүлсэн тохиолдолд тухайн тендерээс татгалзна
- Нийлүүлэхээр санал болгож буй бараа нь ТББ-т тавигдсан техникийн тодорхойлолт, шалгуурт нийцэж байгааг дэлгэрэнгүй харуулах
- Барааг захиалагчийн санал болгосон хуваарийн дагуу нийлүүлэхээ баталгаажуулан мэдэгдэх
- Тендертээ зохих ёсоор гарын үсэг зурж баталгаажуулж ирүүлэх
- Гэрээний ерөнхий болон тусгай нөхцөл гэрээний хэрэгжилтийн явцад гарч болох төлбөрийн үүргийн талаар сайтар танилцаж, судалсан байх
- Өөрийн тендерт засвар, нэмэлт, өөрчлөлт оруулах бол ТББ-т заасан журмыг баримтлах
- Тендерээ ТББ-т заасны дагуу битүүмжилж, заасан хаягаар, товлосон хугацаанд ирүүлэх
- Захиалагчийн тендерийг үнэлэхдээ мөрдөх ТББ-т заасан шалгуур үзүүлэлтүүдтэй танилцаж мэдсэн байх.
•Тендерийн үнэлгээ
Захиалагч нь бараа нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын үнэлгээг хоёр үе шаттайгаар хийнэ. Эхний шат буюу тендерийг хянан үзэх шатанд захиалагчийн тогтоосон чадавхийн доод шаардлага, техникийн тодорхойлолт,
ТББ-т заасан бусад шалгуур үзүүлэлтүүдийг тухайн тендер нэгэн зэрэг хангасан эсэхийг шалгадаг. Хянан үзэх шатны шаардлага хангасан тендер дараагийн шатанд орно. Дараагийн шат буюу тендерийг үнэлэх шатанд эхний шатны үнэлгээгээр шаардлагад нийцсэн тендерүүдийн арифметик алдааг залруулах, үнийн хөнгөлөлт болон давуу эрхийн зөрүүг тооцох зэргээр харьцуулах үнийг тодорхойлно. Шаардлагад нийцсэн тендерийн харьцуулах үнийг тодорхойлсны дараа хамгийн бага харьцуулах үнэтэйгээс хамгийн их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг "хамгийн сайн" үнэлэгдсэн тендер гэж үзэн гэрээ байгуулах эрх олгодог. Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулагдсанаар тухайн гүйцэтгэгч сонгох ажиллагаа дуусгавар болно.
Засгийн газрын 2012 оны 115 дугаар
тогтоолын хавсралт
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ,
ХЭРЭГЖҮҮЛЭХ, ГҮЙЦЭТГЭЛД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь Худалдан авах ажиллагааны газар (цаашид “Мэргэжлийн байгууллага” гэх) улсын болон бүс нутгийн чанартай худалдан авах ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэхтэй холбогдуулан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төсвийн ерөнхийлөн захирагчид болон аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын дэргэдэх худалдан авах ажиллагааны нэгж (цаашид “Орон нутгийн нэгж” гэх)-ийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2. Мэргэжлийн байгууллага болон Орон нутгийн нэгж нь энэ журам болон төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийн хүрээнд ажиллана.
1.3. Мэргэжлийн байгууллага нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45.5-д болон 48.3-т заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагч нараас ирүүлсэн захиалгыг үндэслэн худалдан авах ажиллагааг зохион байгуулж, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулах эрх олгох үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
Хоёр. Мэргэжлийн байгууллагын худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах
2.1. Худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь тухайн төсвийн жилд Мэргэжлийн байгууллагын хэрэгжүүлэх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45.4-т заасан жагсаалтыг нэгтгэн гаргаж, улсын төсөв батлагдсанаас хойш ажлын 5 өдрийн дотор Засгийн газраар батлуулна.
2.2. Төсвийн ерөнхийлөн захирагч нь Мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх худалдан авах бараа, ажил, үйлчилгээний дэлгэрэнгүй захиалгыг дараахь мэдээллийн хамт улсын төсөв батлагдсанаас хойш ажлын 10 өдрийн дотор бичгээр болон цахим хэлбэрээр Мэргэжлийн байгууллагад хүргүүлнэ:
2.2.1. худалдан авах төсөл, арга хэмжээ бүрийн техникийн тодорхойлолт;
2.2.2. техник-эдийн засгийн үндэслэл, экспертизийн дүгнэлтээр баталгаажсан зураг төсөл, ажлын тоо хэмжээ;
2.2.3. ажлын даалгавар;
2.2.4. газрын зөвшөөрөл (холбогдох ажилд шаардлагатай тохиолдолд);
2.2.5. бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээний тусгай нөхцөлд оруулах шаардлагын талаархи мэдээлэл;
2.2.6. үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд ажиллуулахаар санал болгож байгаа захиалагчийг төлөөлж ажиллах албан тушаалтан, түүний талаархи мэдээлэл, утас, цахим хаяг;
2.2.7. төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад тусгагдсан он дамжин хийгдэж байгаа болон дуусаагүй ажлын гүйцэтгэгчийн инженер, техникийн ажилтан, машин механизм, тоног төхөөрөмжийн жагсаалт;
2.2.8. хууль тогтоомжид заасан бусад шаардлагатай мэдээлэл.
2.3. Мэргэжлийн байгууллага нь энэхүү журмын 2.2-т заасан мэдээллийг хүлээн авч магадлан, тухайн төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээнд худалдан авах бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөөг улсын төсөв батлагдсанаас хойш ажлын 10 өдрийн дотор төсвийн ерөнхийлөн захирагч нэг бүртэй хамтран батална.
2.4. Мэргэжлийн байгууллагын хэрэгжүүлэх худалдан авах ажиллагаа болон өөрийн хэрэгцээнд худалдан авах бараа, ажил, үйлчилгээнээс бусад орон нутагт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны жагсаалтыг төсвийн ерөнхийлөн захирагч энэхүү журмын 2.2-т заасан мэдээллийн хамт холбогдох Засаг даргын Тамгын газарт, хувийг Мэргэжлийн байгууллагад хүргүүлнэ.
2.5. Мэргэжлийн байгууллага нь тухайн төсвийн жилд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг улсын төсөв батлагдсанаас хойш нэг сарын дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим хэлбэрээр нийтэд зарлан мэдээлнэ.
2.6. Санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь худалдан авах ажиллагааны гүйцэтгэлийн тайланг нэгтгэн дүгнэж Засгийн газарт тайлагнана.
Гурав. Төсвийн ерөнхийлөн захирагчийн хэрэгжүүлэх чиг үүрэг
3.1. Төсвийн ерөнхийлөн захирагч нь Мэргэжлийн байгууллагын зохион байгуулж, хэрэгжүүлэх худалдан авах ажиллагааны жагсаалтын төслийг өөрийн багцын хүрээнд нэгтгэн боловсруулж, улсын төсөв батлагдсанаас хойш ажлын 2 өдөрт багтаан Мэргэжлийн байгууллагад хүргүүлнэ.
3.2. Төсвийн ерөнхийлөн захирагч нь тендер шалгаруулалтад “хамгийн сайн” гэж үнэлэгдсэн тендерт оролцогчтой бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд уг гэрээний хуулбар хувийг гэрээ байгуулснаас хойш ажлын 5 өдрийн дотор Мэргэжлийн байгууллагад ирүүлнэ.
3.3. Төсвийн ерөнхийлөн захирагч нь бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг бүрэн хариуцна.
3.4. Төсвийн ерөнхийлөн захирагч нь бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээний хэрэгжилтийн явцын талаархи дараахь мэдээллийг Мэргэжлийн байгууллагад улирал бүрийн дараа сарын эхний ажлын 10 өдөрт багтаан бичгээр болон цахим хэлбэрээр хүргүүлнэ.
3.4.1. бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээний хэрэгжилтийн явц;
3.4.2. гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлд заасны дагуу төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байгаа эсэх;
3.4.3 санхүүжилт хийгдсэн талаархи мэдээлэл;
3.4.4. бусад шаардлагатай мэдээлэл.
Дөрөв. Мэргэжлийн байгууллагын болон орон нутгийн нэгжийн хэрэгжүүлэх чиг үүрэг
4.1. Мэргэжлийн байгууллага нь Төсвийн ерөнхийлөн захирагч бүртэй хамтран баталсан худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг нэгтгэн тухайн жилийн худалдан авах ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг боловсруулан, Худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр батлуулна.
4.2. Мэргэжлийн байгууллага нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48.3-т заасан худалдан авах ажиллагааг зохион байгуулах, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулах эрх олгоход шаардагдах маягтын загварыг баталж ажиллана.
4.3. Мэргэжлийн байгууллага нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулж, худалдан авах ажиллагааны талаархи мэдээллээр худалдан авах ажиллагаа болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийг хангаж ажиллана.
4.4. Мэргэжлийн байгууллага нь Орон нутгийн нэгжийн үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, худалдан авах үйл ажиллагааны улирал, жилийн төлөвлөгөө, гэрээний биелэлтийн явц, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн байдалд хяналт тавих ажлыг зохион байгуулна.
4.5. Мэргэжлийн байгууллага Орон нутгийн нэгжийн худалдан авах ажиллагааны гүйцэтгэлтэй холбогдуулан тодорхой болон цаг үеийн шинжтэй асуудлаар шуурхай үүрэг даалгавар, албан шаардлага өгч, түүний биелэлтийг хангуулна.
4.6. Мэргэжлийн байгууллага нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46.3-т заасны дагуу захиалагч байгууллагын эрхээ шилжүүлэх хүсэлтийг үндэслэн тухайн байгууллагын бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгуулж болно.
4.7. Мэргэжлийн байгууллага нь Засгийн газрын баталсан жагсаалт болон төсвийн ерөнхийлөн захирагч нарын ирүүлсэн энэхүү журмын 2.2-т заасан мэдээллийг үндэслэн тухайн төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулна.
4.8. Энэхүү журмын 2.2-т заасан мэдээллийг хуульд заасан хугацаанд ирүүлээгүйгээс үүдэн гарах аливаа үүрэг, хариуцлагыг Мэргэжлийн байгууллага хүлээхгүй.
4.9. Мэргэжлийн байгууллагын дарга нь Засгийн газраас энэхүү журмын 2.1-д заасан жагсаалтыг баталсны дараа ажлын 15 өдрийн дотор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйл болон түүнд нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн актыг үндэслэн үнэлгээний хороо байгуулна.
4.10. Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд захиалагчийн 1-ээс доошгүй төлөөлөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47.4-т заасан төлөөллийг тус тус оролцуулна.
4.11. Мэргэжлийн байгууллага нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу тендерийн үнэлгээг хийж “хамгийн сайн” гэсэн үнэлгээ авсан тендерт оролцогчтой бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулах тухай албан бичгийг төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлнэ.
4.12. Мэргэжлийн байгууллага нь “хамгийн сайн” гэсэн үнэлгээ авсан тендерт оролцогчид бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргаж, энэ тухай шалгарсан оролцогчид, бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийг заасан хариуг хамт нэгэн зэрэг цахим хэлбэрээр болон албан бичгээр мэдэгдэнэ.
4.13. Орон нутгийн нэгж нь тухайн орон нутагт зохион байгуулах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд хамаарах энэхүү журмын 2.2-т заасан мэдээллийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагаас гаргуулан авах эрхтэй.
4.14. Орон нутгийн нэгжийн даргыг томилж, чөлөөлөхөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53.3-т заасныг үндэслэнэ.
Тав. Худалдан авах ажиллагааны гүйцэтгэлд тавих хяналт
5.1. Санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь худалдан авах ажиллагааны эрх бүхий улсын байцаагчаар дамжуулан Мэргэжлийн байгууллага, Орон нутгийн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана.
5.2. Мэргэжлийн байгууллага болон орон нутгийн нэгжийн худалдан авах ажиллагааны гүйцэтгэлд холбогдох улсын байцаагч, захиалагч хяналт тавьж ажиллана.
5.3. Мэргэжлийн байгууллага нь худалдан авах ажиллагааны гүйцэтгэлд олон нийтийн хяналт тавих нөхцөл боломжийг бүрдүүлж, энэхүү мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлнэ.
5.4. Мэргэжлийн байгууллага энэхүү журмын 3.4-т заасан гүйцэтгэлийн мэдээллийг нэгтгэн дүн шинжилгээ хийж холбогдох арга хэмжээг авч ажиллана.
------ оОо ------