Сарын онцлох үйл явдал
ЗУРГАА ДУГААР САРЫН ОНЦЛОХ:УСАА ХАЙРЛАЯ СУРГАЛТ ЯВУУЛЛАА

Төр-Иргэн-Түншлэл ТББ-аас санаачлан 2025.06.05-нд Орхон аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн албан хаагчид болон хүүхдүүдийн дунд “УСАА ХАЙРЛАЯ” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тус ТББ байгууллага нь Монголын Эмэгтэйчүүдийн Сан (МОНЭС)-ийн дэмжлэгтэйгээр булгийн эх хашиж, хамгаалах “ШИНЭ БУЛАГ” төсөл хэрэгжүүлж, ундарга нэмэгдүүлэх, мал, зэрлэг амьтдын усан хангамжийг сайжруулахаар ажиллаж байгаа аж.
Сургалтаар булгийн эх хаших үйл ажиллагааны хүрээнд мэдээлэл хүргэж, гадаргын усны ач тус, хамгаалснаар ирэх үр дүнгийн талаар харилцан ярилцав. Мөн мэдлэг туршлагаа хуваалцан, мэдээлэл солилцох байдлаар усны үнэ цэнийг хүүхдүүдэд ойлгуулахыг зорив.
Сүүлийн жилүүдэд хүн, мал амьтан, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гадаргын ус хатаж ширгэх, булаг шандын эх дарагдаж, усны нөөц багсаж буй. Уг сөрөг нөлөөллийг бууруулснаар ирээдүйд олон эерэг өөрчлөлт авч ирэх боломжтой аж. Булаг шандын эхийг хамгаалж, урсцыг нэмэгдүүлэн, хуримтлуулах нь бэлчээрийн болон газар тариалангийн усан хангамжийг сайжруулж үндэсний аюулгүй байдалд эергээр нөлөөлнө гэв.
Мөн хүүхдүүд өдөр тутамдаа шүдээ, төмс ногоо, жимс, аяга тавгаа угаахдаа усаа хэрхэн хэмнэж, байгаль дэлхийд хөрөнгө оруулалт хийж болох талаар санал бодлоо солилцсон юм.
