Төрийн албаны шинэтгэл, мэдээ мэдээлэл
Төрийн албан хаагчийн нэгдсэн тоо
2024 оны байдлаар төрийн 4,276 байгууллагад 226,895 төрийн албан хаагч ажиллаж байна. Төрийн албан хаагчдын хамгийн их буюу 51.4% нь Улаанбаатар хотод, хамгийн бага буюу 0.6% нь Говьсүмбэр аймагт ажиллаж байна.
ТӨРИЙН БАЙГУУЛАЛ
Нийт төрийн байгууллагаас Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газар, түүний харьяа байгууллага 0.1%, Улсын Их Хурал, Улсын Их Хурлын Тамгын газар, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллага, тэдгээрийн харьяа байгууллага 1.3%, Гүйцэтгэх эрх мэдлийн буюу Засгийн газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн захиргааны төв байгууллага, түүний харьяа байгууллага 67.8%, Шүүх эрх мэдлийн байгууллага 2.1%, Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, Нутгийн захиргааны байгууллага 28.7%-ийг тус тус эзэлж байна
Хүйс
Төрийн албан хаагчдын 35.68% нь эрэгтэй, 64.32% нь эмэгтэй албан хаагчид байна.
Төрийн албаны ангилал, ажилласан жил
Төрийн улс төрийн албанд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын 76.1% нь эрэгтэй, 23.9% нь эмэгтэй байна. Төрийн захиргааны албанд ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдын 33.3% нь эрэгтэй, 66.7% нь эмэгтэй байна. Төрийн тусгай албанд ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдын 70.3% нь эрэгтэй, 29.7% нь эмэгтэй байна. Төрийн үйлчилгээний албанд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын 23.9% нь эрэгтэй, 76.1% нь эмэгтэй байна.
Насны бүлэг
Төрийн албан хаагчдын 22,618 буюу 10.0% нь 25 хүртэлх насны бүлэгт, 72,266 буюу 31.8% нь 26-35 насны бүлэгт, 69,108 буюу 30.5% нь 36-45 насны бүлэгт, 49,273 буюу 21.7% нь 45-54 насны бүлэгт, 12,815 буюу 5.6% нь 56-65 насны бүлэгт, 66 болон түүнээс дээш насны 0.4% буюу 815 албан хаагч байна.
Боловсролын түвшин
Нийт төрийн албан хаагчийн 4.5% нь суурь, түүнээс доош боловсролтой, 15.37% бүрэн дунд, 8.99% нь мэргэжлийн болон техникийн, 1.96% нь дипломын дээд, үлдсэн 69.17% нь бакалавраас дээш боловсролтой байна.
Байршил
Улаанбаатар хотод ажиллаж байгаа нийт 116,550 төрийн албан хаагчдын 40.4% нь төрийн тусгай, 51.0% нь төрийн үйлчилгээний албан хаагчид байгаа бол 21 аймагт 81-ээс дээш хувь нь зөвхөн төрийн үйлчилгээний албан хаагч байна. Тухайн байршилд ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдыг тухайн байршилд ажиллаж байгаа нийт төрийн албан хаагчтай харьцуулахад Говьсүмбэр аймагт хамгийн их буюу 14.2%, Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 7.0% байна. Тухайн байршилд ажиллаж байгаа төрийн улс төрийн албан хаагчдыг тухайн байршилд ажиллаж байгаа нийт төрийн албан хаагчтай харьцуулахад Завхан аймагт хамгийн их буюу 3.9%, Улаанбаатар хотод хамгийн бага 0.8% байна.
Шилжсэн, сэлгэсэн
Төрийн албанаас 2024 онд төрийн байгууллага хооронд шилжүүлсэн, сэлгэн ажилласан албан хаагчдын хамгийн их буюу 68.4% нь төрийн захиргааны албан хаагч байна. Албан тушаалын төрлөөр 12.8% нь удирдах, 82.8% нь гүйцэтгэх, 5.1% нь туслах албан тушаал, хүйсээр эмэгтэй 60.0%, эрэгтэй 40.0% байна.
Жендэр
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд төрийн байгууллагын нийт ажилтны дунд аль нэг хүйсийн төлөөлөл илт давамгайлсан буюу хүйсийн 40:60 гэсэн харьцаа бүхий тэнцвэрт байдал төрийн албаны ангилал бүрд алдагдсан байна.
https://bi.csc.gov.mn/