Хууль, тогтоомж, зөвлөгөө, гарын авлага
ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ
ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
Хэвлэх
1.1.Энэ хуулийн зорилт нь тамхины хэрэглээ, дам тамхидалтаас үүдэлтэй сөрөг үр дагавраас хүн амыг хамгаалах зорилго бүхий тамхины хяналтын эрх зүйн үндсийг тодорхойлж түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдон төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Тамхины хяналтын тухай хууль тогтоомж
Хэвлэх
2.1.Тамхины хяналтын тухай хууль тогтоомж нь энэ хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёо
Хэвлэх
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."тамхин бүтээгдэхүүн" гэж татах, үнэрлэх, зажлах зорилгоор тамхины навчийг бүхэлд нь буюу хэсэгчлэн түүхий эд болгон үйлдвэрлэсэн хэрэглээний бүтээгдэхүүнийг;
3.1.2."утаат тамхи" гэж үйлдвэрийн болон гар аргаар ороож бэлтгэсэн, татах зориулалттай янжуур, навчин тамхи, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхийг;
3.1.3."дам тамхидалт" гэж өөрийн хүсэл зоригоос үл хамааран бусдын татсан тамхины утаагаар амьсгалахыг;
3.1.4."тамхи үйлдвэрлэгч" гэж тамхины үйлдвэрлэл, худалдаа, импортын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийг;
3.1.5."тамхины зар сурталчилгаа" гэж тамхины үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээг дэмжихэд чиглэсэн аливаа хэлбэрийн мэдээлэл түгээх үйл ажиллагааг;
3.1.6."тамхины хяналт" гэж тамхины хэрэглээ, тамхины утаанд нэрвэгдэх явдлыг бууруулах замаар хүн амын эрүүл мэндийн байдлыг сайжруулах зорилго бүхий тамхины эрэлт хэрэгцээ, нийлүүлэлт болон хор хөнөөлт чанарыг бууруулахад чиглэсэн бодлогын цогц арга хэмжээг.
3.1.7."тамхигүй орчин" гэж тамхи татах, тамхины утааг харах, үнэрлэх, мэдрэх, хэмжих боломжгүй орчныг;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
3.1.8."дотоод орчин" гэж дээвэр, хана, талуудаар хүрээлэгдсэн орон зай (хийсэн материал, тухайн орон зайг түр хугацаанд буюу байнга ашиглахаас хамаарахгүй)-г;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
3.1.9."брэнд өргөтгөх" гэж тамхи, тамхин бүтээгдэхүүний нэр, барааны тэмдэг, лого зэрэг бусад ялгарах онцлогийг тамхин бус бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой мэтээр ашиглахыг;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
3.1.10."брэнд хуваалцах" гэж тамхин бус бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр, барааны тэмдэг, лого зэрэг бусад ялгарах онцлогийг тамхи, тамхин бүтээгдэхүүн, тамхи үйлдвэрлэгчтэй холбоотой мэтээр ашиглахыг.
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
3.1.11."утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэг" гэж утаат тамхи татах зориулалтаар тусгайлан бэлтгэсэн талбай, агааржуулалтын тоног төхөөрөмжөөр тоноглож тусгаарласан тасалгааг.
/Энэ заалтыг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/
4 дүгээр зүйл.Тамхины хяналтын талаар төрөөс баримтлах бодлого
Хэвлэх
4.1.Тамхины хяналтын талаар төрөөс баримтлах бодлого нь нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын салшгүй хэсэг бөгөөд дараахь зарчмыг баримтална:
4.1.1.тамхины татварыг Тамхины хяналтын суурь конвенцид заасан түвшинд хүргэх замаар тамхины хяналт, хүн амын эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг тогтвортой санхүүжүүлж, насанд хүрээгүй иргэнийг тамхинд орохоос сэргийлэх, тамхины хэрэглээг бууруулах;
/Энэ заалтад 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.1.2.нийгмийн эрүүл мэндийн бодлогыг тамхи үйлдвэрлэгчдийн сөрөг нөлөөллөөс хууль тогтоомжийн хүрээнд хамгаалах;
4.1.3.тамхины хяналтын талаар бодлого, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тамхи үйлдвэрлэгчтэй холбоогүй хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллагын оролцоог дэмжих;
4.1.4.тамхины хэрэглээ, дам тамхидалтын улмаас хүний эрүүл мэнд, эдийн засаг, байгаль орчинд учруулах сөрөг үр дагаврын талаархи шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит мэдээлэл, сургалт, сурталчилгаа болон тамхинаас гаргах эмчилгээг хүртээмжтэй болгох.
4.1.5.тамхи үйлдвэрлэгч, түүний ашиг сонирхлын төлөө ажиллаж байгаа хуулийн этгээдийг нээлттэй, хариуцлагатай зарчмаар үйл ажиллагаагаа явуулахыг шаардах;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
4.1.6.тамхи үйлдвэрлэгчийн үйл ажиллагаанд урамшуулал, татварын хөнгөлөлт болон бусад давуу тал олгохгүй байх;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
4.1.7.тамхины хяналтын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тамхи үйлдвэрлэгчтэй өмчийн хэлбэр харгалзахгүйгээр адил тэгш хандах;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
4.1.8.тамхи үйлдвэрлэгч, түүний ашиг сонирхлын төлөө ажиллаж байгаа хуулийн этгээдийг тамхины хяналтын талаарх хууль тогтоомж боловсруулах, батлах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шууд оролцох болон хөндлөнгөөс нөлөөлөхөөс ангид байлгах;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
4.1.9.нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд тамхи үйлдвэрлэгч хөндлөнгөөс оролцох стратеги, арга, уул бодлогыг тамхи үйлдвэрлэгчийн ашиг сонирхлын нөлөөллөөс хамгаалах шаардлага болон тамхи үйлдвэрлэгчийн зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэх үйл ажиллагааны талаар төрийн бүх шатны байгууллага, олон нийт мэдээллээр хангагдсан байх.
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/ ...